“Ногоон автобус”-ны гэх тодотголтой, улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн нийтийн тээврийн салбарт шинэ автобус худалдан авах тендерийг будилаантуулж, хөрөнгийг нь завшин, хуучныг засаж сэлбэн оруулж ирсэн хэрэгт холбогдсон хүмүүсийг цагаатгасан, эрүүгийн хариуцлага оноосон нь хуульд нийцэж буй, эсэхийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүх хурлаар уржигдар хянан хэлэлцлээ. Эл хэрэгт УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар, нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх асан, өдгөө Хууль зүй, дотоод хэргийн дэд сайдаар ажиллаж буй Д.Мөнх-Эрдэнэ, нийслэлийн Нийтийн тээврийн газрын дарга С.Жавхлантбаатар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Г.Энхтайван, нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Мишээлт, гүйцэтгэгчийг сонгох ажлын хэсгийн гишүүн Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, С.Бямбасүрэн, А.Чойжилсүрэн, автобус хүлээлцэхэд захиалагчийн хяналтыг хэ рэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн Б.Мөнхболд, Б.Алтаншагай, О.Лувсандагва, О.Сүхбаатар, Ч.Мөнхбаяр, Д.Цогтбадрах, Ц.Хадбаатар, О.Хонгорзул, Б.Дөлгөөн, Б.Баярмаа нар болон “Тэнүүн-Огоо” ХХКийн ерөнхий захирал А.Ганхуяг, гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум, “Эм Эс И партнерс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Болортуяа нар яллагдагчаар татсан билээ. 93 хавтас бүхий хэргийг Улсын дээд шүүх хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, зарим яллагдагчийн үйлдлийг дахин шийдвэрлүүлэхээр боллоо. Тухайлбал, “ТэнүүнОгоо” ХХК-ийн ерөнхий захирал А.Ганхуягийн залилан мэхэлсэн үйлдлийг дахин шийдвэрлүүлэхээр болов. Тэрбээр гүйцэтгэх захирал Ж.Эрдэнэбат, БНСУ-ын иргэн Ли Жон Соб, Ким Кэа Баум нартай хамтран “Евро-2” дизель хөдөлгүүртэй автобуснуудыг “Евро-5” хөдөлгүүртэй мэт харагдуулах зорилгоор Вьетнамын үйлдвэрт “Ad blue” төхөөрөмжид ашигладаг шатахууны сав суурилуулж, “Евро5” гэсэн наалт наан Монголд оруулж ирэн төрөөс санхүүжилт авсан үйлдэлд холбогдсон. Хуурч, төөрөгдүүлсэн уг үйлдлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулах гэмт хэргийн арга нь байсан хэмээн анхан болон давж шатны шүүх үзэн залилах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон үндэслэл нь эрүүгийн эрх зүйн суурь онол, шүүхийн практикт нийцээгүй гэж Дээд шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэн, тогтоол, магадлалыг хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэлээ. Мөн Ч.Мөнхбаярыг цагаатгасан нь үндэслэлгүй хэмээн дахин шийдвэрлүүлэхээр болов. “
Тэнүүн-Огоо” ХХК-ийн нийлүүлэхээр санал болгосон автобусны хөдөлгүүр нь Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос тогтоосон “Евро-5” стандартын шаардлагыг хангахгүй байхад тус аж ахуйн нэгжийн саналд нийцүүлж техникийн тодорхойлолтыг өөрчлөн сонгон шалгаруулсан үйлдэлд А.Ганхуяг, Ж.Эрдэнэбат, С.Жавхлантбаатар нарыг Эрүүгийн хуулийн 22.1-1-ийн албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Давж заалдах шатны шүүхээс гүйцэтгэг чийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүн С.Бямбасүрэн, Б.Түмэнжаргал, Ш.Баярсүх, А.Чойжилсүрэн нарын хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн 23.51-д заасан хайнга хандах гэмт хэрэг гэж үзэн хөнгөрүүлэхдээ “Евро-3” стандартын хөдөлгүүртэй автобус авахаар тогтоосон техникийн тодорхойлолт болон ийм хөдөлгүүртэй автобус нийлүүлэхээр “Тэнүүн-Огоо” ХХК-ийн ирүүлсэн санал нь нийтийн тээврийг “Евро-5” стандартаар шинэчлэх төрийн бодлогод нийцээгүй. Энэ асуудлыг ажлын хэсгийн зарим гишүүн гаргаж тавьсаар байтал “Тэнүүн-Огоо” ХХК-ийг сонгон шалгаруулсан нь сэтгэхүйн хандлага, санаа зорилгыг болгоомжгүй хэлбэртэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн магадлалыг хүчингүй болгов. Улмаар Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт заасан албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэр, оноосон ялыг нь сэргээн шийтгэлээ. Мөн А.Чойжилсүрэн, Б.Баярмаа, Ц.Хадбаатар, Б.Дөлгөөн, Б.Мөнхболд, О.Лувсандагва, О.Хонгорзул, Д.Цогтбадрах, О.Сүхбаатар нарт холбогдох хэргийг хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж, зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн гэж дүгнэн албан тушаалаа урвуулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв. Бас ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон А.Ганхуяг, С.Жавхлантбаатар нарт оноосон ялыг хэвээр үлдээжээ. Д.Мөнх-Эрдэнэ, Г.Мишээлт, Г.Энхтайван, Ц.Болортуяа нарын үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр цагаатгасан нь хуульд нийцсэн хэмээн Дээд шүүх дүгнэснээр тэд эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байна. Харин энэ хэрэгт хэлэлцэгдээгүй хуульд заасан шинэ нөхцөл байдалд хамаарах үндэслэл, баримт нотолгоо илэрвэл Ж.Сүхбаатарт холбогдох хэсгийг прокурор дахин хянуулах эрхтэй гэдгийг тодотгожээ. Ингэснээр С.Жавхлантбаатар гурван жил хорих ялаа эдэлж, А.Ганхуяг нарын залилангийн хэрэгт нь дахиад шийтгэл хүлээлгэхээр болж байна.