“Бодь интернэшнл” ХХК нь Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барихдаа давуу байдалтай, ашигтай нөхцөлтэй ажилласан гэдгийг бол нэг бус эх сурвалж нэлээд хэдүйнээс ярьж эхэлсэн. Тухайлахад УИХ-ын Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох, шалгах үүрэг бүхий Хянан шалгах түр хорооны 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны хуралдаан дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат ноцтой дүгнэлт танилцуулж байсан. Ж.Ганбат “Тавантолгой- Гашуунсухайт төмөр зам гашуу сухайт төмөр замын төсөл дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК-ийн хооронд гэрээ байгуулсан төсөвт өртөг нь 1.282 тэрбум доллар, 5-13 хувийн үнийн хөнгөлөлттэйгөөр нүүрсээр төлбөрийг нь барагдуулах дүнтэй хийсэн. Үүнээс 478.1 долларыг нь нүүрсээ барагдуулсан. Хэрвээ энэ 5-13 хувийн хөнгөлөлтийг өгөөгүй байсан бид нар энэ нүүрс дээрээ 537.6 сая ам. долларын борлуулалт хийх боломж байж. Энэ хоёрын зөрүүгээр бидэнд 59.6 сая ам. доллар буюу 174.3 тэрбум төгрөгийн үнийн хөнгөлөлтийг “Бодь интернэшнл” ХХК-д үзүүлжээ гэдэг тооцоо байна. Богдхан төмөр зам дээр “Эрдэнэс Тавантолгой” ХК болон “Тавантолгой төмөр зам” ХХК хооронд байгуулсан төмөр замын гэрээ байгаа. Мөн “Эрдэнэс Таван толгой” ХК, “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан гэрээ байгаа. Дараа нь “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Бодь интернэшнл” ХХК хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гээд ийм гурван гэрээ, төсөвт өртөг нь 1.4 тэрбум доллар, үнийн хөнгөлөлт нь 13 хувийн нүүрс нийлүүлэх гэрээ байгуулсан байна лээ. Үнийн хөнгөлөлтийн хүрээнд нийтдээ яг энэ төслийн дүнд 26.3 сая долларыг нүүрсээрээ барагдуулчихсан юм байна лээ. Үүн дээр үнийн хөнгөлөлт нь дөрвөн сая доллар буюу 13.4 тэрбум төгрөг гээд нийтдээ яг энэ Тавантолгой-Гашуунсухайт, Богдхан төмөр замтай холбоотой “Бодь интернэшнл” ХХК-д 63.5 сая доллар буюу 187.7 тэрбум төгрөгийн хөнгөлөлтийг эдлүүлжээ гэсэн үг. Өөрөөр хэлэх юм бол энэ хөнгөлөлтийг эдлүүлээгүй, нүүрсээ Тавантолгой компаниа өөрсдөө зараад мөнгөөр төлбөрийг нь хийсэн бол 187.7 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” ХК олгох боломж байжээ. Ийм дүгнэлтүүд “Бодь интернэшнл” ХХК дээр гарч байгаа. Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын анхны ТЭЗҮ дэх нийт өртөг нь 1.686 тэрбум долларын өртөгтэйгөөр 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр байгуулсан байгаа юм. Ер нь энэ Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ боловсруулаад, энэ асуудал 2008 оноос эхэлж яригдаж эхэлсэн юм байна лээ, бүх шатандаа. ҮАБЗ, холбоод, салбар мэргэжлийн байгууллагууд дээр 2008 оноос эхэлж яригдаж байгаад 2019 оны аравдугаар сарын 29-ний өдөр гэрээ байгуулаад төсөв өртөг нь 1.686 тэрбум доллар. Үүн дээр нь “Монголын төмөр зам” ХХК-ийн хийж гүйцэтсэн ажил гээд 276.4 сая ам. долларыг нэмсэн. Үүнээсээ урьдчилгаа төлбөр гээд бэлэн мөнгөөр 110 сая долларыг гэрээ байгуулахаас өмнө буюу 2019 оны аравдугаарр сарын 11, 23-ны өдөр шилжүүлсэн юм. Энэ төлбөрүүд нь “Тавантолгой төмөр зам” ХХК-иар дамжуулаад цаашаагаа “Бодь интернэшнл”-ийн компаниуд руу гарч байсан. Гэрээний үлдэгдэл нь 692.2 сая доллар. 2020 оны зургаадугаар сарын 10-ны өдөр нэмэлт, өөрчлөлтийг оруулаад ТЭЗҮ-гээ тодотгосон. ТЭЗҮ-гээ тодотгохдоо 1.282 тэрбум доллар болгосон. Өөрөөр хэлбэл эхний батлагдсан ТЭЗҮ дээр 213 сая доллар нэмсэн. Энэ дээрээ мөн ялгаагүй “Монголын төмөр зам” ХХК-ийн хийж байсан ажлын 276.4 сая долларыг нэмээд, ингээд урьдчилгаа өгчихсөн. Нийт 800, ингээд ТЭЗҮ нэмэгдсэн учраас нийт нүүрсний санхүүжилтийн үлдэгдэл нь 895.6 сая доллароос 478.1 сая долларын төлбөрийг нүүрсээр барагдуулсан. Ийм байдалтай байгаа. Мөн 2019 оны есдүгээр сарын 4-ний өдрийн “Эрдэнэс Тавантолгой” ХКийн байгуулсан гэрээний дагуу 15 тэрбум төгрөгийг “Тавантолгой төмөр зам” ХХК-д “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас шилжүүлсэн байдалтайгаар Тавантолгой- Гашуунсухайт төмөр замын санхүүжилт бэлнээр 110 сая доллар, үлдсэнийг нь нүүрсээр өгөх нөхцөлтэйгөөр олгож байсан юм” гэж мэдээллийг УИХ-ын гишүүдэд өгч байжээ.
Мөн “Бодь интернэшнл” ХХК Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барих төсвөө 600 сая доллараас 1.3 сая доллар болгож нэмүүлсэн. Урьдчилгаа болгож “Голомт финаншл” ХХК руугаа 110 сая доллартай тэнцэх мөнгийг шилжүүлж авсан. Энэ мөнгө “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас “Тавантолгой төмөр зам” ХХК руу орж, “Тавантолгой төмөр зам” ХХК-иас “Голомт финаншл” ХХК руу шилжсэн. Уг 110 сая долларыг Хүүхдийн парк, зочид буудал, саун, төрийн тусгай хамгаалалтай газарт бэлнээр нь тараасан. Ерөнхий сайдаар дөрвөн жил гаруй ажилласан Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сард ингэж мэдээлсэн. Мэдээлээд зогсоогүй, тэрээр 2026 оны гуравдугаар сарын 23-ны өдөр АТГ-т хандсан. АТГ-т өгсөн өргөдөлдөө “УИХ-ын тогтоолын дагуу есөн өдрийн турш үргэлжилсэн сонсголын үйл ажиллагааны явцад төрийн өмчит компаниудын “Бодь интернэшнл” ХХК-тай байгуулсан бүхий л гэрээний хэрэгжилтийг хянахад шаардлагатай мэдээллийг “Бодь интернэшнл” ХХК нь өгөхдөө зассан, зарим шаардсан мэдээллийг огт өгөөгүй зэрэг сэжиг бүхий үйлдлүүд гарч байсныг олон нийт харсан. Миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас шалгалтын үр дүнгийн талаар болон үндсэн зорилго яагаад хангагдаагүйг тодруулахад, “Ерөнхий сайдаа, Би дээд төрөө бодож байна” гэх учир битүүлэг хариу өгөөд өөр юу ч хэлэлгүй гарч явсан. Сонсголын үр дүнд үндэслэн УИХ-ын 2024 оны нэгдүгээр сарын 16-ны 09 дүгээр тогтоолоор Засгийн газарт нүүрсний сонсголын дагуу авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар чиглэл өгсөн тогтоолтой танилцахад анхны зорилго болох валютын нөөц нэмэгдүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд орхигдож, анхаарал татсан “Бодь интернэшнл” ХХК-ийн оффтейк гэрээний талаар нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүйг харж Б. Энхбаярт улс төрийн дарамт ирсэн эсвэл хувийн ашиг сонирхол байгаа нь нэн ойлгомжтой болсон юм.
Гэтэл саяхан миний бие УИХ-ын гишүүн Б.Энхбаяр “Бодь интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалангаас 500 мянган ам.доллароор нэг удаа, 800 мянган ам.доллароор дахин нэг удаа, нийт 1.3 сая ам.долларыг бэлнээр авсан байж болзошгүй ноцтой асуудлыг олж мэдсэн.
Иймд танай байгууллагад УИХ-ын гишүүн Б.Энхбаярт холбогдох дээрх асуудлыг гэрчлэх хоёр хүний хувийн мэдээлэл болон дүрс бичлэг зэрэг шаардлагатай нотлох баримтуудын хамт шалгуулахаар хүргүүлж байна. Гэрчүүдийн хувьд амь нас, аюулгүй байдалдаа ихээхэн санаа зовж байгаа бөгөөд танай байгууллагатай эрх зүйн хувьд гэрчийг хамгаалах буюу “шүгэл үлээгч”-ийн статустай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа уламжилсан болно. Миний бие энэхүү гаргаж буй гомдлын хүрээнд гэрчийн мэдээлэлд үндэслэн хуулийн дагуу мэдүүлэг өгөхөд бэлэн байгаагаа үүгээр илэрхийлж байна” гэж бичсэн байна. АТГ-ынхан түүнээс 2026 оны дөрөвдүгээр сарын 6-ны өдөр дөрвөн цаг гаруй мэдүүлэг авсан. Түүнээс хойш тус газар уг хэргийг хэрхэн шалгаж байгаа талаар өөр бусад мэдээлэл одоогоор алга. Харин олны анхаарал энэ хэрэгт хандсан хэвээр байна.
“Бодь интернэшнл” ХХК-иас урьдчилгааны 110 сая доллараа улстөрчид, гэрээнд оролцсон компанийн захирлуудад авлига хэлбэрээр өгсөн гэдэг нь асуудал үүсгэсэн. Энэ хэргийн талаар мэдээлээд байгаа Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ одоогийн байдлаар нийт 27.3 сая долларыг дөрвөн хүнд өгснийг зарласан. Л.Оюун-Эрдэнэ 2026 оны гуравдугаар сарын 23-нд “Б.Энхбаяр нь “Бодь Интернэшнл” ХХК-ийн захирал Д.Баясгалантай хоёр хүний хамт дөрвүүлээ уулзах үеэрээ нэг удаад 500 мянган доллар, дараагийн удаад 800 мянган доллар буюу нийт 1.3 сая долларыг бэлнээр авсан байж болзошгүй талаар мэдээлэл байна. Энэхүү асуудлыг гэрчүүд холбогдох баримтын хамт надад мэдүүлсэн бөгөөд уг материалыг өнөөдөр АТГ-т хүлээлгэн өгч байна”, 2026 оны дөрөвдүгээр сарын 3-нд “Д.Баясгалан захирал яагаад худлаа ярих болов. Хуулийн байгууллага гэрчүүдтэй нүүрэлдүүлэх ёстой. Нэг гэрч нь Д.Сумъяабазар дарга. Голомтын Д.Баясгалан, Амундратай хамт байсан гээд нээлттэй нийтэлсэн байгаа. Тухайн үед дөрвөн хүн талбайн баруун талын Голомт банкны оффист уулзсан. Гэрчийн хувьд эрхзүйн хамгаалалтанд ороод бичлэгийг тавина гэдгээ мэдэгдсэн. Б.Энхбаяраас гадна “Бодь групп”-ын 110 сая доллароос Т.Аюурсайхан, Б.Ганхуяг, Н.Удаанжаргал нар 25 сая долларыг авсан байж болзошгүй гэх мэдээлэл бичлэгт бий. Яагаад энэ хэргийг шалгахгүй байна вэ. Гэтэл одоо Б.Энхбаярыг Эрдэнэс таван толгойг хариуцдаг ЗГХЭГ дээр томилж байгааг гайхаж байна. 110 сая долларын хэргийн задаргаагаар төрийг барьцаалж байна гэж харж байна. Г.Занданшатар Б.Энхбаяраар хөлөө боолгоод бүдэрч унасан бол одоо Н.Учрал хорт могойгоор хоолойгоо боолгож байна” гэж ярьжээ. Дүгнэхэд Л.Оюун-Эрдэнэ “Бодь интернэшнл” ХХК-ийн авлигад өгсөн гэх 110 сая доллароос ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр 1.3 сая, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг, “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн захирал асан Н.Удаанжаргал нар 25 сая доллар, энэ дөрвөн хүн нийт 27.3 сая долларыг авсан гэж зарлаад байгаа. Тэгэхлээр үлдсэн 82.7 сая доллар хэн хэнд очсон нь олны анхааралд байсаар байна.
М.Бат-Эрдэнэ