Өмнөд хилийн Замын-Үүд боомт дахь Гаалийн газарт АТГынхан нэгжлэг хийж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ хүрээнд дөрвөн хүнийг сэжигтнээр тооцон баривчилж, гурвыг нь яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлж буй аж. Тэдний хоёр нь тус Гаалийн газрын гаалийн улсын байцаагч албан тушаалтай бол нэг нь энгийн иргэн гэнэ. Энэ талаар АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Б.Билэгтээс тодруулахад “АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тус газрын нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг хүмүүс эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдаас их хэмжээний хахууль авсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй үйлдэлд АТГ-ын мөрдөгч нар мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Дорноговь аймгийн Сайншанд, Замын-Үүд сумд хоёр дахь өдрөө ажиллаж байгаа юм. Тэднийг Эрүүгийн хуулийн 22.1-1 болон 22.4-2 дахь хэсгийн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэрэгт холбогдуулсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын хүрээнд Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэг хийж, одоогоор дөрвөн сэжигтнийг баривчилсан. Гурван хүнийг хахууль авсан, өгсөн үндэслэлээр яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна” гэв.
Мөн түүнээс сүүлийн өдрүүдэд олны анхаарал татаж, талцал, тэмцэлдээ тулаад буй “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотойгоор хэн нэгнийг шалгаж байгаа, эсэхийг лавлахад “Иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу уг төсөлтэй холбоотойгоор эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэх үндэслэлээр энэ сарын 20-нд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгалтын ажиллагаа эхлүүлээд байна” гэсэн хариулт өглөө.