“Нийслэл Улаанбаатар хотын төсвийн хаалттай, үр ашиггүй зарцуулалт, түүний нийт зарлага 1.2 их наядаас 5.8 их наяд төгрөг болж огцом өссөн ч бодит хэрэгжилт, нийгэмд үзүүлж буй үр нөлөө, төсвийн зарцуулалтын ил тод байдал, хяналтгүй байна. Өндөр дүнтэй хөрөнгө оруулалтын төслүүдийн үр ашиггүй, гүйцэтгэл дутуу, төлөвлөгөөний биелэлт хангалтгүй байгаа нь төсвийн хариуцлагын зарчим алдагдсан эсэхэд санхүү, хууль зүйн үнэлгээ өгөх шаардлагыг бий болгосон. Иймд нийслэлээс хэрэгжүүлсэн бүх төсөл, хөтөлбөрийг шалгаж өгнө үү” гэх мэдээллийг энэ сарын 18-нд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст ирүүлжээ. Уг мэдээллийг хүлээн авч, хянан үзээд Эрүүгийн хуулийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар 260200510 дугаартай хэрэг бүртгэлтийн хэрэг хэрэг нээж, улмаар Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр АТГ-аас гадна тагнуул, цагдаагийн байгууллагын хамтарсан ажлын хэсэг гарган шалгаж буй аж.
Хэрэг бүртгэлтийн 260200510 дугаартай хэргийн хүрээнд нийслэлээс хэрэгжүүлж буй 24 мега төслийн сонгон шалгаруулалтыг хууль бусаар зохион байгуулсан, эсэх, төслийн санхүүжилтийг зориулалтын дагуу зарцуулсан уу, үгүй юү зэрэг асуудлыг шалгах юм. Хамтарсан ажлын хэсгийнхэн “Туулын хурдны зам”, “Сэлбэ 20 минутын хот”, “Шинэ тойрог авто зам”-ын урьдчилсан зураг төсөв, техник эдийн засгийн үндэслэл, “Улаанбаатар метро төсөл” гэх мэт томоохон төслүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж буй аж.
Үүний нэг болох “Шинэ тойрог авто зам” төслийн хөрөнгөөс 6.6 тэрбум төгрөг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай эрх мэдлээ урвуулан хамаарал бүхий хүмүүсийнхээ аж ахуйн нэгжүүдэд олгуулж, угаасан хэмээн ЭЦА-ныхан шалгаад улмаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд буй билээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Т.Даваадалай нотлох баримт устгах, гэрч, хохирогч, шинжээч, хамтран оролцогчийг дарамталж сүрдүүлэх зэрэг нөхцөл байдал гаргасан учраас АТГ-ынхан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих санал прокурорт уламжлан Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд өнгөрсөн даваа гарагт хүргүүлсэн гэнэ. Гэвч шүүх уг асуудлыг хэлэлцэхийг элдэв шалтгаар хойшлуулсаар баасан гарагт шийдвэрлэхээр болж буй аж.
Эдгээрээс гадна ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Саранцэцэг, цахим сайт ажиллуулдаг А.Мөнх-Алдар нарыг хойшлуулшгүйгээр саатуулан мөрдөн шалгаж буй билээ. Тэдэнтэй хамт шалгуулах ёстой Г.Золзаяа гэх залуу хилээр гарч зугтсан учраас бусад хүнийг саатуулсан гэх мэдээлэл ч бий. Тэд чухам ямар хууль зөрчсөн үйлдэл өдүүлснийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж тодруулан хэвлэлийнхэнд тайлбар өгөх биз ээ.