Мал эмнэлгийн ерөнхий газар (МЭЕГ)-ын дарга асан, дараа нь ХХААХҮЯ-ны Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргааны даргаар ажиллах болсон Д.Түмэндэмбэрэлд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас дахиад яллах дүгнэлт үйлдэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүллээ. Тэрбээр ХААИС-ийн Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан З.Батсүхийн хамтаар “Яаралтай дархлаажуулалт” нэрийн доор тендер зарлалгүйгээр Энэтхэгийн “Heister biosciences Limited” компанитай мялзангийн вакцин худалдан авах шууд гэрээ байгуулж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан хэрэгт холбогдсон юм. Тодруулбал, 2018-2020 оны хооронд 16 сая тун мялзангийн вакциныг нэг тунг нь 0.093 центээр шууд гэрээ байгуулан авсан байдаг. Ингэснээрээ 778 000 орчим ам.доллар буюу тухайн үеийн Монголбанкны ханшаар тооцсоноор хоёр тэрбум 78 сая гаруй төгрөг завшсан хэрэгт буруутгагдаж буй. Үүнээс гадна Д.Түмэндэмбэрэл нь охиныхоо нэр дээр орон сууц, 291 сая төгрөгөөр худалдан аваад түүнийхээ хөрөнгийн эх үүсвэрийг 2018-2020 онд гаргасан ХАСХОМ-тээ тусгалгүй, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаасан хэмээн шалгуулсан юм.
НПГ-аас Д.Түмэндэмбэрэл, З.Батсүх нарт албан тушаалаа урвуулан ашигласан, үндэслэлгүй хөрөнгөжсөн, мөнгө угаах гэмт хэргийг байнга тогтвортой үйлдсэн хэмээн Эрүүгийн хуулийн тодорхой зүйл, заалтын дагуу яллагдагчаар тооцон нэг бус удаа шүүхэд шилжүүлж байв. Гэвч шүүх шийдэлгүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасаар байсан юм. Өөрөөр хэлбэл, 2021 оноос хойш шүүх, прокурор, мөрдөх байгууллагын дунд “Мялзангийн вакцины хөрөнгөөс завшсан” гэх хэрэг шидэгдсээр таван жилийг үджээ.