АТГ-ынхан өнгөрсөн дөрөвдүгээр сард Замын-Үүд дэх Гаалийн газарт нэгжлэг хийж, улмаар тэндэхийн байцаагчдаас гадна Гаалийн ерөнхий газрын албан тушаалтнууд нийлсэн 36 хүнийг яллагдагчаар татан, ажлыг нь түдгэлзүүлэн мөрдөн шалгасан билээ. Тэднээс өнгөрсөн сард нэг бус хүний хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр Нийслэлийн прокурорын газар (НПГ)-т шилжүүлсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл НПГ-аас Замын-Үүд дэх гаалийн газрын Хяналт шалгалтын албаны гаалийн улсын ахлах байцаагчаар ажиллаж байсан Б.Б-д холбогдох хэрэгт яллах дүгнэлт үйлдэн Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногт шилжүүлжээ.
Тэрбээр албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд гаалийн бүрдүүлэлт хийдэг итгэмжлэгдсэн төлөөлөгч дөрвөн хүнээс нийт 58.9 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт
холбогдсон юм.
Тэгвэл АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн дээр дурдсан 36 байцаагчаас Ж.Очирхуяг, Л.Энхжаргал нарын үйлдлийг шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорын хяналтад шилжүүлээд байна. Ж.Очирхуяг нь гаалийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажилладаг нэр бүхий хүмүүсээс 300 мянгаас гурван сая хүртэлх төгрөгийн хахууль удаа дараа авсан хэмээн буруутгагдсан аж. Харин Л.Энхжаргал нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өгсөн хахуулийг Ж.Очирхуягт дамжуулж байсан хэрэгт холбогдсон гэнэ.