Баянзүрх дүүргийн 34 дүгээр хорооны нутаг, Шархадны эцсийн Ээж хайрхны гэх хаягт байрладаг 158 дугаар цэцэрлэгийн хашаанд гэр шатаж байна гэх дуудлага энэ сарын 13-ны шөнө онцгой байдлын байгууллагад иржээ. Цэцэрлэг, сургууль тарсан шөнийн цаг байсан учраас багш, хүүхдүүдэд ямар нэг аюул учраагүйг албаныхан мэдээлэв. Тус сургуулийн хашаанд нийслэлийн хүүхдийн 302 дугаар цэцэрлэг байрладаг бөгөөд багачууд нь багталцахгүйн улмаас 2-3 монгол гэрт үйл ажиллагаа явуулдаг. Уг гэрүүд, нэг амбаарын хамтаар тухайн шөнийн 01.30 цагийн үед галд өртөн шатаж, дотор нь байсан тоглоом наадгай, хөнжил гудас юу ч үлдээгүй аж. Дуудлагын дагуу тус дүүрэг дэх Гал унтраах, аврах 63 дугаар ангийнхан очиж ажилласан байна. Өдгөө түймрийн шалтгаан юунаас үүдэлтэйг шинжлэн тогтоохоор Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийнхэн мөрдөн шалгаж, галын шинжээчээр дүгнэлт гаргуулах юм.