Хаалга цөм өшиглөөд, хойморт гараад нэгэнт суучихсан хар тамхи, мансууруулах бодисын аюултай жирийн иргэдээсээ авхуулаад төр засаг, олон улсын байгууллагатай хамтарч тэмцэхгүй л бол хүчрэхээ болилоо. Тэгэхийн тулд Эрүүгийн хуулийн 20.7-20.10 дахь бүлгийн гэмт хэрэг буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой зүйл, заалтыг үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт тооцож авч үзэх ёстой мэт. Учир юу гэвээс Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд, залуусыг энэ бодист донтуулж, хамааралтай болгож байна. Нэгэнт донтогсдыг элдэв аргаар эрхдээ оруулах нь хурууны үзүүрээр хийх ажил. Тиймээс мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой хатуу, чанга аргаар тэмцэх ёстой. “Хилээр их хэмжээгээр нэвтрүүлж байгаа гадаад, дотоодын иргэдэд цаазын ялаа сэргээн оноож яагаад болохгүй гэж” хэмээх үзэл бодолтой хүн ч олон.
Хар тамхи хойморт заларсны илрэл нь эрүүл мэндийн салбарынхнаас тод харагдана. Хэдхэн хоногийн өмнө буюу аравдугаар сарын 2-нд Төрийн тусгай алба хаагчдын нэгдсэн эмнэлгийн 25 настай сувилагч Л.Н гадуур эмийн сангуудаар худалддаггүй, нойрсуулагч үйлчилгээтэй, хүмүүст тэр бүр хэрэглэхийг хориглодог тарилгын шингэнийг өөртөө хийж, ухаан алдсан нь тухайн өдрөө дуулиан дэгдээв.
Мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх үйлчилгээтэй эм, тариаг хатуу хяналттай байлгаагүйгээс эмч, эмнэлгийн ажилтнууд, үйлдвэрлэгчид нь дур зоргоороо ашиглаж, борлуулж, донтогсдын тоог нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Үүний нэг жишээ нь дээрх сувилагчтай холбоотой хэрэг. Өөр нэг бус баримт, үйл явдал бий. Тухайлбал, хэдэн жилийн өмнө манай үндэсний үйлдвэрлэгч, эм ханган нийлүүлэгч томоохон компанийн гүйцэтгэх захирал сэтгэцэд нөлөөт эмийг хууль бусаар их хэмжээгээр борлуулсан үйлдэлдээ ял шийтгүүлж байв. Тэгвэл Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн зөвлөх эмч С.Бэгзжав хүнд өвчтэй нэрийн дор хүмүүст сэтгэцэд нөлөөт эм, тариа бичиж өгдөг. Түүнийг авч хэрэглэдэг өвчтөнүүд болох А.Уранцэцэг, Б.Болоргэрэл нарын хүн мансууруулах, сэтгэцэд нөлөөт тариагаа бусдад дамлан худалддаг. Тэдгээрийг нь Б.Тэсмэнд гэх хүн нийслэл рүү тээвэрлэн авчирдаг. Уг тарилгын шингэнийг “Ургац хүдэр”-ийн Л.Цандэлэгийн хүү Ц.Тогтуун болон Т.БатЭрдэнэ тэргүүтэй залуус худалдан авч хэрэглэж байсан. Үүнийг нь мөрдөх байгууллагаас тогтоож, шүүх дэнслэн шийдвэрлэсэн билээ. Тодруулбал, мансуурагчдыг “бүтээгдэхүүнээр хангаж байсан” эмч С.Бэгзжав таван жил хоёр сар хорих ял шийтгүүлсэн. Уг эм, тариаг зарж борлуулан ашиг олсон хүмүүсээс 130 сая төгрөг гаргуулахаар шүүх шийдвэрлэсэн юм. Энэ мэтээр дотоодод хар тамхи буюу мансууруулах, сэтгэцэд нөлөөт эм, бодисын хэрэглээ өндөр болоод буй. Үүнийг ашиглаад гадаадаас хар тамхи оруулж ирэх явдал ч байнга гарах болсон.
ЭЭЖ, ЭХНЭРЭЭРЭЭ ХАР ТАМХИ ЗАРУУЛЖ БАЙСАН ЗАЛУУСТ ХОРИХ ЯЛ ОНООВ
Гашуун уснаас ч илүү хор хөнөөлтэй мансууруулах бодисыг худалдан борлуулахын тулд эхнэр, нөхөр, ээж, аавыгаа золиосолсон тохиолдол олон. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн долоодугаар сарын 21-нд Г.Уянгасайхан гэх хүнд холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн юм. Тэрбээр өмнө нь хар тамхитай холбоотой хэрэгт холбогдон хорих ял эдэлж байгаад суллагдсан нэгэн. Суллагдсанаасаа хойш гадаад улс руу явж, их хэмжээний мансууруулах бодис карго ачаагаар эх орон руугаа илгээдэг байв. Түүнийг нь ээж Х нь хэрэглэгчдэд зарж байгаад үйлдэл дээрээ цагдаагийнханд баригдсан.
Харин Г.Уянгасайхан энэ хооронд нэг газраа тогтохгүй Орос, Турк, Киргиз зэрэг улсаар дамжин зугтаж явсан агаад манай хууль сахиулагчид Интерполын Улаан булант зарлан мэдээлэх сүлжээгээр олон улсад эрэн сурвалжилсны дүнд Киргизстаны цагдаагийнхан саатуулсан аж. Улмаар манай талд шилжүүлэн өгснөөр хэргийн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж дуусгаад шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс ээж Х-д нь гурван жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноосон байдаг. Тэгвэл Г.Уянгасайханд найман жил хорих ял шийтгэжээ. Мөн Интерполоор эрэн сурвалжлуулж, Киргизстанаас шилжүүлэн авсан зардлыг түүнээс гаргуулж төлүүлэхээр болсон гэнэ.
Хэдхэн хоногийн өмнө Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Испаниас эх орон руугаа хар тамхи илгээдэг З.Ануужинд холбогдох хэргийг шийдвэрлэлээ. Түүний эхнэр өмнө нь хар тамхи борлуулж байсан үйлдэлдээ ял шийтгүүлснийг бид цаг тухайд нь мэдээлсэн. Тодруулбал, Ц.Одцацрал гэх эмэгтэйг цар тахлын хөл хориотой, хил хаалттай байх үед Интерполынхон Испаниас баривчлан манай улсад шилжүүлэн өгч байсан билээ. Ц.Одцацралыг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хууль бусаар худалдах хэргийг зохион байгуулж, 2018 оны дөрөвдүгээр сард Чингэлтэй дүүргийн нутаг, 23 дугаар сургуулийн баруун талын орон сууцад уг бодисоо хадгалж, Ё.Хулан гэх залууд олон сая төгрөгөөр худалдсан. Төлбөрөө тус дүүргийн нутаг дахь “Наран гуаша” салоны гадаа бэлнээр авсан хэмээн буруутгасан. Ц.Одцацралд Эрүүгийн хуулийн 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдах зорилгоор хууль бусаар олж авсан, тээвэрлэсэн, илгээсэн, худалдсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн бөгөөд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг 2022 оны долоодугаар сарын 6-нд хэлэлцээд нээлттэй хорих ангид хоёр жилийн ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Тэгвэл түүний нөхөр болох 3.Ануужин нь 2019 оны нэгдүгээр сард Испанийн Мадрид хотоос их хэмжээний мансууруулах бодис худалдах зорилгоор шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн түүнд прокуророос сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор олж авсан, улсын хилээр удаа дараа нэвтрүүлсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг. Эхнэрийг нь баривчилсны дараа тэрбээр байршлаа өөрчлөн өөр улсад орогносон бөгөөд Интерполоор эрэн сурвалжилсны дүнд Польш улсад байгааг нь олж тус улсын цагдаагийнхан саатуулан, манай талд хүлээлгэн өгсөн билээ. Шүүхээс З.Ануужинг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор олж авсан, мөн улсын хилээр нэвтрүүлсэн гэм буруутайд тооцож зургаан жил зургаан сарын хугацаагаар хорих ял оноожээ. Мөн Интерполын шугамаар эрэн сурвалжилж, Польшоос албадан авчирсан ажиллагааны зардал 12.7 сая төгрөгийг түүнээс гаргуулахаар болсон байна.
НИГЕРИЙН МАФИЙН ГАР ХӨЛҮҮД СУУРЬШИЖ БУЙ ЮМ БИШ БИЗ
Манай улсын иргэд Зүүн өмнөд Ази, Африкийг дамнасан хар тамхины томоохон сүлжээнд элсэж, тэдний даалгавраар брэндийн бараа тээврлэх, аялах нэрийдлээр мансууруулах бодис зөөж байгаад гадаадын хууль хяналтын байгууллагынханд саатуулагдсан тохиолдол 2000-гаад оны сүүлчээр олон гарсан. Ингэж хар тамхи тээвэрлэсэн цөөнгүй хүн БНХАУ-д баригдаж цаазын болон бүх насаараа хоригдох ял шийтгүүлж байлаа. Тэднийг золиосолдог хүмүүс нь эгч, дүү Б.Хулан, Б.Халиун нар байв. 2013 онд Малайзын хууль хяналтын байгууллагаас явуулсан тусгай ажиллагаагаар Б.Халиуны гэрээс 78 кг мансууруулах бодис хураан авч, мөрдөн шалгаж эхэлсэн юм даг. Түүнээс хойш уг хүнд холбогдох хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй өдий хүрчээ. Б.Халиун, Б.Хулан нар төрсөн дүүгээ, түүний эхнэрийг, мөн ээжийгээ хууль бус үйлдэлд татан оролцуулсан.
Тэгвэл түүний эгч Б.Хулан нь Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Эжикэмэ Чимэзиэ Жонтой гэр бүл болж, улмаар эх орондоо амьдарч байхдаа 2019 онд гадаад улсын аж ахуйн нэгжүүдийг залилж их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан хэрэгт ял шийтгүүлсэн юм. Тэдэнд шүүхээс 9-10 жил хорих ял оноож, уг шийтгэлээ эдэлж дуусаад суллагдаад удаагүй байхдаа их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлэн, хүлээн авч, борлуулахыг завдсан үйлдэл дээрээ баригдсан.
Нигерийн иргэд манай улсад хар тамхи наймаалцах гэж байгаад саатуулагдсан тохиолдол ганц энэ биш. Холбооны Бүгд Найрамдах Нигери Улсын иргэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон зэрэг хүн 2019 оны нэгдүгээр сард хилээр мансууруулах бодис нэвтрүүлж, худалдах зорилгоор хадгалсан, тээвэрлэсэн хэрэгт хаолбогдон шүүхээс зургаан жил хорих ял шийтгүүлж байв. Гэвч хэргийг мөрдөн байцаалтад буцааж дахин шалгаж байх хооронд Адекола Олавасен Азеез нь 2020 оны наймдугаар сард их хэмжээний хар тамхи хилээр нэвтрүүлж хүлээн авч, худалдахаар хадгалсан хэрэгт дахин холбогдсон юм. Харамсалтай нь, шүүх 1-2-хон жил хорих ял шийтгэж, торгууль оноож байсан түүхтэй. Ингэж амташсан нигери иргэд Монголын хууль хяналтын байгууллагыг үл ойшоон удаа дараа хар тамхи нэвтрүүлэх болсон гэхэд хилсдэхгүй. Амьжиргааны түвшин, өртөг, хөгжил зэргээрээ манай улсаас төдийлөн өөрцгүй Нигерийн иргэд яагаад Монгол Улсад ажиллаж, амьдрах, сурахаар ирээд байна вэ. Үүний цаана хар тамхи худалдах гэсэн санаархал оролдлого байгаа юм биш биз.
ОРЖ ИРЭХ УРСГАЛЫГ ХААХ БОЛОМЖ АЛГА УУ
Манай улсыг чиглэсэн хар тамхины урсгал нэг хэсэг өмнөд хөршөөс эхтэй байв. Тодруулбал, 2009-2019 он хүртэлх буюу дэлхий нийтийг хамарсан цар тахлаас өмнөх жилүүдэд урд хөршөөс эх орон руугаа болон бусад улс руу манайхан мансууруулах бодис зөөдөг байсан юм. “Ковид-19” өвчинтэй холбоотойгоор улс орнууд хилээ хааж, манайх ч адил арга хэмжээ авснаар тухайн жилүүдэд хар тамхи оруулж ирэх хэрэг эрс багассан. Гэвч эл өвчний тархалт зогсож, 2021-2022 оноос хил нээснээр улс хоорондын шуудан илгээмж, дайвар ачаа зэргийг ашиглан Монгол Улс руу хар тамхи нэвтрүүлэх явдал өсөөд байна. Гол нийлүүлэгч нь Турк улсаас манай иргэд өөрсдөө илгээж, эх орноо, элэг нэгтнүүдээ, ирээдүй хойч үеэ мансууруулах бодист донтуулах ажлыг хийх боллоо. Сүүлийн үед илрүүлэн шалгаж буй, хилээр хар тамхи нэвтрүүлсэн хэргийн 90 гаруй хувийг Туркээс илгээж, хүлээн авч байгаа юм. Өмнө нь нийслэлийн төвийн дүүргүүдийн шүүх энэ төрлийн гэмт хэргийг хэлэлцдэг байсан бол өдгөө Төв аймаг дахь эрүүгийн хэргийн анхан, давж заалдах шатны шүүхээр орох болсон нь “Чингис хаан” олон улсын нисэх буудал тус аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буйтай холбоотой. Турк улс бол хар тамхи үйлдвэрлэгч орон гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрчихсөн. Тэндээс улс орнууд руу хар тамхи илгээдэг сүлжээ ч бий болсон. Тэдэнтэй манай дипломат ажилтнууд холбоо тогтоож, зараалынх нь дагуу ХБНГУ руу 521 кг хар тамхи албаныхаа дипломат дугаартай машинаар зөөж баригдаад Дрезден хотын шүүхээр ял шийтгүүлчихсэн билээ.
Энэ бүхнээс үзэхэд, нэгэнт оруулж ирж буй урсгал нь тодорхой, Турк гэдэг нь илэрхий болсон учраас тус улсын хууль хяналтын байгууллага, хил, гаалийнхантай хамтран ажиллаж, яавал мансууруулах бодис нэвтрүүлж буй үйлдлийг зогсоох вэ гэдэгт Засгийн газар, Гадаад харилцааны яам, тагнуулын байгууллага анхаарч, яриа хэлэлцээ хийвэл үр дүнд хүрэх биз. Мэдээж эх орондоо манай хил, гааль, тагнуул, цагдаагийн байгууллагын уялдаа холбоо сайн байж л хар тамхи гээч цагаан тахалтай үр дүнтэй тэмцэнэ. Иргэддээ анхааруулахад, элдэв дайвар ачаа танил талаасаа ч авах эрсдэлтэй шүү. Хүүхдийн тэрэг, тоглоом, гал тогооны хэрэгсэл, цахилгаан бараан дотор хар тамхи нуугаад хайрцаг, савыг нь битүүлж, скочдоод өгчихөд задалж үзэлгүй авчирснаараа та л эрүүгийн хэргийн ялтан болж 5-12 жил хорих ял шийтгүүлэхдээ тулна. Нэг их ойр дотно биш ч танил нөхрөөс чинь илгээсэн барааны дотор хар тамхи нуусан тохиолдол ч гарч, хүлээн авсан иргэн яллагдагч, шүүгдэгчийн ширээнд сууж байна. Тиймээс энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос болгоомжлоорой.