Монгол, Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр замын харьяа политехник коллежийн захирлаар ажиллаж байсан Ё.Бямбатогтох, тус сургуулийн багш Б.Сарнай нарт холбогдох хэргийг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар хэлэлцэхээс татгалзлаа. Ингэснээр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн тэдэнд холбогдох хэргийг шийдвэрлүүлэх ёстой гэсэн магадлал хүчин төгөлдөр болж байна.
Тус коллежийн ахлах багшийн түр орон тоонд ажиллаж байсан Б.Сарнайг тухайн албан тушаалд томилохын тулд Ё.Бямбатогтох нь Монгол бөхийн өргөө орчимд 2.5 сая төгрөгийн хахууль авсан гэнэ. Улмаар түүнийг ахлах багшаар авахаар 2025 оны арваннэгдүгээр сард комисс томилж, өөрөө даргаар нь оролцож гишүүддээ нөлөөлөн Б.Сарнайг тэнцүүлсэн. Эхний ээлжид болзол хангасан Ц.Б гэх хүнийг уг албан тушаалд томилолгүйгээр 2025 оны арванхоёрдугаар сард Б.Сарнайг ажилд авч, хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаал гарган, гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийсэн хэрэгт холбогдсон юм. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өнгөрсөн зургаадугаар сард уг хэргийг хэлэлцээд нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан аж. Үүнийг нь Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Ш.Анужин эсэргүүцэж, давж заалдах шатны шүүхэд хандсан байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгожээ.