

УУЛЧИН ХҮНИЙ АЛДААНЫ ХАРИУЛТ АМЬ НАС НЬ БАЙДАГ
-Мөсөнд авиралтаар аль улсын тамирчид шилдэг нь вэ. Тэднээс хэнийх нь хурд, техник сонирхлыг тань хамгийн их татдаг бол? -ОХУ, БНСУ, Ираны тамирчид маш хүчтэй өрсөлдөгч. Тэр дундаа хурдны төрөлд оросууд ноёлдог. ОХУ-ын тамирчин Николай Кузовлев миний шүтдэг тамирчин. Тэрбээр хурд, техникийн төрөлд дэлхийд танигдсан цөөн тамирчны нэг. Би хурдны төрөлд дэлхийн аварга болсон Владислав Ирловоос суралцдаг. Миний хувьд энэ жил дэлхийн чансааны 11-т эрэмбэлэгдэж байгаа. Өмнө нь хурдны төрөлд европчууд давамгайлдаг байсан бол сүүлийн үед Азиас Монголын тамирчид хүч түрэн орж ирж байна. -Ажил, амжилт, амьдралаа спортгүйгээр төсөөлж байсан уу? -Үгүй ээ. Спорт миний амьдралд заавал байх ёстой зүйлийн нэг. Аав минь биеийн тамирын багш, уулчин. Би багаасаа спортод ойр өссөн. Өсвөр насандаа жүдогоор хичээллэж, оюутан болоод мөсөнд авиралтын спорт руу хөл тавьсан. -Өөрийг тань дуртай зүйлээс чинь татгалзуулж, хүсэл сонирхлоосоо буцах аргагүй болтол татсан мөсөнд авиралтын гайхамшиг нь юу вэ? -2012 онд аавтайгаа хамт Сутай хайрханд авирсан. Тэр үед оргилоос авсан мэдрэмж мөсөнд авиралт руу хүчтэй татсан. Уулын спортоос салбарлаж үүссэн авиралтын төрлүүдийг сонирхон судалж, хичээллэхээр шийдсэн юм. -Зориг гаргаж, мөсөнд авирах хүн тийм ч олон биш байх. Эрсдэл ихтэй. Авиралтын төрлөөр хичээллэдэг тамирчид гэрийнхэнтэйгээ багагүй зөрчилдөж байж энэ замыг сонгодог юм билээ. -Аав минь намайг энэ спорт руу хөтөлсөн болохоор гэрийнхэнтэйгээ зөрчилдөх асуудал гараагүй. 2017 онд авирч байгаад гарын хурууныхаа шөрмөсийг гэмтээхэд ах дүүс, найз нөхөд хорьж байлаа. Хаврын бэртлийн дараа “Одоо боль, хөлтэйгөө үлд. Азийн АШТ-д Монголын тамирчдаас анхны медалийг нь авсан юм чинь болиход харамсах зүйл юу байна” гэж хэлсэн. Мөсөнд авиралт эрсдэлтэй спорт. Гэмтэхэд хүртэл хүнд бэртэл авах гээд байдаг талтай. -Хүүдээ аав, ээж нь хэдий итгэдэг ч түгшиж л суудаг болов уу. -Аав, ээж минь намайг бэртэл, гэмтлээс хол байгаасай гэж залбирдаг. Гадаадад болж байгаа тэмцээнд оролцоход ээж минь сүү байнга өргөдөг. Цагийн зөрүүтэй газар болж байгаа үед унтдаггүй гэнэ билээ. -Спортын ихэнх төрөлд тамирчид алдаагаа засаад, амжилт гаргаж болдог. Харин уул, мөсөнд авиралтад алдаа, оноо нь анхных бөгөөд сүүлчийнх байх нь бий. Гэхдээ та эрсдэлийг тооцоолж, амжилтын төлөө тэмүүлдэг байлгүй. -Тийм ээ, уулчин хүний алдааны хариулт амь нас нь байдаг. Тиймээс хариуцлага, анхаарал, ур чадвар шаарддаг. Спорт авиралтын төрлүүдээс хамгийн эрсдэлтэй нь мөсөнд авиралт. Хурц иртэй багажтай харьцаж, авирдаг тул зөв техник, болгоомж гээд олон зүйлийг анхаарах хэрэгтэй болдог. -Авирахын өмнө бие болоод сэтгэл зүйгээ хэрхэн бэлддэг вэ? -Тухайн орчноос өөрийгөө аль болох тусгаарлахыг хичээдэг. Зөвхөн мөстэй харьцахыг хичээдэг. Ямар ч спортод сэтгэл зүй чухал. Хурдны төрлийн дүн зургаа, долоон секундээр хэмжигддэг.
ГАЗАР, ГАЗРЫН МӨС ӨӨР БАЙДАГ Ч САЙХАН ДУРСАМЖ ҮЛДЭЭДЭГ
-Уулчид “Айдсаа давж байж оргилд авирдаг. Учир нь үхэл, амжилтын зам нэг шугамд байдаг” гэж ярьдаг. Та энэ бүхнийг хэрхэн даван туулдаг вэ? -Оргилд авираад хачин гоё мэдрэмж авдаг болохоор бүхнийг даван туулах хөшүүрэг болдог. Би мөсөнд авирч байхдаа аз жаргалыг мэдэрдэг. Үүнийг ямар нэг зүйлтэй зүйрлэшгүй. Хүн бүр үгээр илэрхийлэмгүй нэг тийм гоё мэдрэмж авдаг байх. -Авирах болгонд өөр өөр дурсамж үлддэг үү? -Газар, газрын мөс өөр байдаг ч мартагдахааргүй сайхан дурсамж үлдээдэг. Авиралт их адал явдалтай спорт. Ууланд авирч байсан хүмүүс үүнийг хэлэх байх. -Тэмцээнд дандаа амжилт гаргана гэж байдаггүй. Хааяа сэтгэл гонсгор буцсан удаа бий юү. Тийм үед хэрхэн тайвширч байв? -Багш минь “Аливаад анхдагч байна гэдэг хэцүү, хэний ч явж байгаагүй мөрөөр чи явна” гэж хэлдэг юм. Би амьдралд ч, тэмцээнд ч алдаа бага гаргахыг хичээдэг. Саяхан АНУ-ын Колорадо мужийн Денвер хотод зохион байгуулсан дэлхийн цомын аварга шалгаруулах тэмцээнд тактикийн алдаа гаргаж, медальгүй ирсэн. Дасгалжуулагчгүй явсан болохоор хэлж, зөвлөх хүнгүй алдаа гаргасан байх. Уулын спортод тактик, судалгаа, бэлтгэлийг нь хариуцдаг хүн тусдаа байдаг. Монголд мөсөнд авиралтын мэргэжлийн дасгалжуулагч байдаггүй. Тиймээс өөрөө өөртөө багшлах үе бий. Ц.Хосбаяр багш энэ тал дээр харамгүй зөвлөгөө хэлдэг. Хэдий өөр төрлийн спортын дасгалжуулагч гэлээ намайг сайн бэлддэг. Харин үндсэн техник, мөсөнд авиралтаа өөрөө судалж, аав, багш, багийнхантайгаа ярилцан, сайжруулах тал дээр анхаардаг. -Спортод зөв менежменттэй ажиллаж, зорилго нэгтэй баг бүрдүүлэх, өөрийг нь дэмждэг хүрээлэл бий болгох нь хамгийн чухал байдаг. “Сутайн бор” клубийнхэн тамирчдаа хэр сайн дэмждэг вэ? -“Сутайн бор” клубт 2013 онд хөл тавьж, тамирчин болж байлаа. Манай сумын клуб болохоор нутгаасаа төрсөн шинэ залуу тамирчдаа дэмждэг. Энэ клубтэй холбогдсоноо аз завшаан гэж боддог. Тамирчин хүн олон бэрхшээлтэй тулгардаг. “Сутайн бор” клубийнхэн тамирчдаа сайн анхаардаг. Тамирчдынхаа тэмцээнд оролцох зардалд дэмжлэг үзүүлнэ. Мөн гадаад, дотоодод бэлтгэл хийх зардлыг бүрэн хариуцдаг. Сайн клубийн буянаар 2017 онд ОХУ-д бэлтгэл сургалтад оролцох завшаан олдож, тэндхийн тамирчдаас суралцсанаар ур чадвар, техник өмнөхөөсөө ахисан. Сүүлийн жилүүдэд хойд хөршид бэлтгэлээ базааж байгаа. Энэ ташрамд, “Сутайн бор” клубийн Удирдах зөвлөлийн гишүүд болон хамт олон, Тонхил сумынхаа ард иргэдэд талархаж явдгаа илэрхийлье. Эх орноо төлөөлж, мөсөнд авиралтын тэмцээнд оролцдог баг тамирчдын олонх нь манай клубийнхэн байдаг. Энэ нь сайн менежменттэй байгаагийн илрэл болов уу. Энэ оны УАШТ-д манай клубээс хоёр баг оролцож, тэргүүн, дэд байрт шалгарлаа. Спорт авиралтын төрлөөр УАШТ зохиож эхэлснээс хойш багийн дүнгээр медальт байрт тасралтгүй шалгардаг хамт олон болсон. -Таны харьяалагддаг клубийн нэр их содон юм. “Сутайн бор” хэмээн нэрлэх болсон талаар товч тайлбарлаач. -Уулын морь гэсэн утгатай. 1981 онд Тонхил сумын 13 уулчин Сутай хайрхны оргилд бор морио авч гарсан түүх бий. Тэр морины хөшөө манай сумд байдаг юм. Хөшөөн дээр “Цадиг түүхийн гэрч Цаст Сутайн унага Суутай уулын сахиус Сутайн бор хүлэг” хэмээх бичээс бий. Манай сумаас Монгол Улсын уулын спортын анхны мастеруудын нэг Я.Жанцан агсан төрсөн. Тиймээс уулын спортын ууган мастераар овоглож, бор мориор цоллуулдаг хүмүүс нь бид юм.Г.Батцэцэг