ИЗНН-аас УИХ-д сонгогдсон гишүүн Р.Батболд, намын дэд дарга С.Батбаатар тэргүүтэн өчигдөр мэдээлэл хийв. Улс төрийн намууд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нд үндсэн дүрэм, хөтөлбөрөө хуульд нийцүүлэн боловсруулж, Дээд шүүхэд материалаа өгч, түрүүчээс нь бүртгээд явж буй. Тэгвэл ИЗНН-ын үндсэн дүрмийн өөрчлөлтийг Дээд шүүхээс дөрвөн удаа буцаагаад байгаа аж. Ингэснээр одоо тус нам дүрэмгүй, дарга нь ч хууль ёсны биш болж хувирсан хэмээн тэд үзэж байгаагаа мэдэгдлээ. Ийм байдлаар удаан явбал нам татан буугдах эрсдэлтэй учраас Онц их хурлаа зарлаж, нийт гишүүнээрээ уг асуудлыг хэлэлцэн шийдэх нь зөв гэж үзжээ. Улмаар Онц их хурлаа өнөөдөр зарлаж байгаагаа дуулгасан юм. Мөн намын дарга Б.Батбаатар ах, дүү, найз нөхдөө Удирдах зөвлөлдөө оруулсан, тэд ИЗНН-ын бүх асуудлыг удирддаг болсон, намын анхан, дунд шатны гишүүдээ сонсдоггүй, дотоод ардчилал үгүй гэх мэтээр шүүмжлэв. Дүрмээ нийт гишүүнээрээ хэлэлцэж, дахин боловсруулж яаралтай Дээд шүүхэд илгээхийн тулд Онц их хурлаа хуралдуулахаас өөр аргагүй боллоо хэмээн тэд ярив.