(Амьд гэрчийн өчил)
Д.БЯМБАСҮРЭН Монгол Улсын Ерөнхий сайд асан
Улс үндэстний туулсан зам, түүхийн эгзэгтэй үед төрийн удирдагчдын баримталсан үзэл, хэрэгжүүлсэн бодлого нь түүхэнд үнэнээр бичигдсэн цагт одоогийн орчны утгыг тайлж, ирээдүйг таних ухаарлыг төрүүлдэг. Монгол орны сүүлийн 100 жилийн түүхийн хамгийн онцлог бөгөөд нийгмийн амьдралыг сууриар нь өөрчилсөн үйл явдал бол 1989 оны сүүл чээр эхэлж өрнөөд 1990 оны хавар улс төрийн ялалтад хүрсэн Ардчилсан хувьсгал мөн юм. Дэлхийн социалист системийн гол багана болж ирсэн ЗХУ-д М.Горбачевын удирдлагын дор өрнөсөн “өөрчлөн байгуулалт”-ын нөлөөгөөр монголчуудын нийгмийн ухамсар сэрж, социалист замнал, МАХН-ын ноёрхолд шүүмжлэлтэй хандах үзэл аажим хуримтлагдсаар 1989 оны арваннэгдүгээр сард Монголын Ардчилсан Холбоо (МоАХ) байгуулагдсанаар зохион байгуулалттай нийгмийн хөдөлгөөн болж, олон түмний дэмжлэг хүлээснээр нийгмийн хувьсгалын шинжийг олсон юм.
Түүхийн энэ эгзэгтэй үед төрийг толгойлж байсан Ж.Батмөнх гуайн байр суурь, шийдвэрээс Ардчилсан хувьсгалын өрнөлтийн явц, үр дүн нь олон талаар хамаарч байсан нь хэн бүхэнд ойлгомжтой билээ.
Энэ жил Ж.Батмөнх гуайн мэндэлсний 100 жилийн ой тохиож байна. Түүхчид, улс төр судлаачид Ж.Батмөнхийн түүхэнд гүйцэтгэсэн үүргийг тодорхойлохдоо 1990 оны гуравдугаар сард МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо (УТТ)-г огцруулах шийдвэр гаргасныг онцлон анхаарах нь нийтлэг боловч зарим тохиолдолд түүний утга агуулга, учир шалтгааныг явцуу сонирхлын байр сууриас тайлбарлах, мушгин гуйвуулахыг оролдох нь бас ч цөөнгүй ажээ.Ийм үйлдлийн нэг жишээ нь “Википедиа” нэвтэрхий толь бичигт байршуулсан Ж.Батмөнхийн үйл ажиллагааны товч тодорхойлолт мөн болох бөгөөд тэнд өгүүлэхдээ “Ж.Батмөнх… хэт хашир ласан, шинэчлэлийн төлөвлөгөө байсан зэргээс түүний сэдэж байсан ажил хэрэг амжилтад хү рээгүй юм” хэмээжээ. Монголчууд, Монгол төр, түүний удирдагч дыг олон зууныг дамжуулан бүдүүлэг харан хуйн жишиг болгон төсөөлж, түүнийгээ мон голчуудад тулган хүлээлгэхийг оролдож ирсэн гадаадын түүхчид, улс төр судлаачдын номлолыг бид мэдэх билээ. Ж.Батмөнхийн үйл ажиллагаанд өгсөн дээрх дүгнэлтийн гол утга нь: -“хэт хаширласан” буюу улс төрийн зүрх зориг дутсан нэгэн; -“шинэтгэлийн төлөвлөгөөгүй” буюу цаг үеэ таниагүй, юу хийхээ мэдэхгүй будилсан нэгэн; -“сэдэж байсан ажил хэрэг нь амжилтад хү рээгүй” буюу зорилго нь бүтэлгүйтсэн нэгэн мөн хэмээн ухуулж, улмаар Монголын Ард чилсан хувьсгал, улс орны одоогийн замнал нь төрийн удирдлагын арчаагүй байдлаас улбаалсан түүхийн гажуудал мөн болох тул зөв замд буцаах хэрэгтэй гэсэн санааг нийгмийн ухамсарт шингээж, одоо болон хойч үеийнхнийг мунхруулахад орших ажээ.
Энэхүү өгүүллийг бичигч миний бие найман жил дамжин Ж.Батмөнхийн толгойлсон Засгийн газрын гишүүнээр ажиллаж, Ардчилсан хувьсгалын өрнөлтийн үед шинэ улс төрийн хүчнүүдтэй засгийг төлөөлөн харьцах үүрэг хүлээж, нийгмийн шилжилтийн хурц үед төрийн баганыг түшилцэж явсан хүний хувьд тэр үеийн засаг төрийн удирдагчдын үзэл санаа, баримталж байсан бодлогыг үйл явдлын зангилаа асуудалд хандаж байсан бодит байдлаар нь ойлгохыг хичээж явсан бөгөөд Ж.Батмөнх гуайн үйл ажиллагаа, түүхэнд гүйцэтгэсэн үүргийн талаар өмнөх дүгнэлтүүдийг явцуу сонирхлын үүднээс улс үндэстнийг мунх руулахад чиглэсэн суртал ухуулга төдий гэж үздэг юм.
Учир нь:
1. “Хэт хаширласан” тухайд:
-Ж.Батмөнх Монгол оронд М.Горбачевын “өөрчлөн байгуулалт”-ын үзэл санааг хуулбар лан дуурайгаагүйн учир шалтгаан нь нэн гүнзгий билээ. 1989 онд Ж.Батмөнхийн туслахаар ажиллаж байсан Р.Батаа надад аминчлан өгүү лэхдээ “М.Горбачев манай даргыг “өөрчлөн байгуулалт”-ыг удаашруулж байна хэмээн хоёр цаг хэртэй зэмлэв. Манай хүн дуугүй сууж сонссоны эцэст “Манайд нөхцөл байдал өөр шүү дээ гэснээс өөр юм хэлсэнгүй” гэж билээ.
М.Горбачевын “өөрчлөн байгуулалт”-ын номлол ба гол утга нь Зөвлөлт загварын социализмыг өөрчлөн сайжруулж, өмнөх үеүүдэд гарсан алдаа завхралыг нийтийн өмнө хүлээн зөвшөөрч, нийгэмдээ учирсан зогсонги байдал, хямралыг улс төрийн идэвхжилээр гэтлэхэд чиглэж буйг дэлхий нийтээр харж байлаа. Харин Монгол орны хувьд олон арван жил ЗХУ-ын хараат дагуул байж, ЗХУКН-ын үзэл, бодлогыг хуулбарлан дуурайх тулгалтад өртөж, ололт амжилтын зэрэгцээгээр түүхийн гамшиг болсон алдаа завхралд нэрвэгдэж ирсэн бодит байдал нь зөвхөн социализмын хувь заяаны төдийгүй улс үндэстнийхээ тусгаар тогтнол, бүрэн эрхийг гартаа авах асуудлыг оршихуйн хувь заяаны шаардлага болгож байлаа…
Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг гартаа авч, үндэснийхээ эрх ашгийг дээдлэх үзэл санаа 1911 оноос хойш бүх үеийн Монгол төрийн удирдагчдын гол зорилт болж, тэд бараг бүгдээрээ энэ үзлийнхээ төлөө амиа алдсаны сүүлчийнх нь Ю.Цэдэнбал гуай билээ. Ю.Цэдэнбал 1978 онд “Энх тайван, социализмын асуудлууд” сэтгүүлд бичсэн өгүүлэлдээ үндэснийхээ эрх ашгийг тэргүүнд тавих үзлээ илэрхийлж, ЗХУКН-ын зүгээс хурц шүүмжлэлд өртөж байсан төдийгүй 1983 онд Зөвлөлтийн өндөр албаны хүнтэй уулзахдаа “Бид Зөвлөлтийг дагаж ирсэн. Цаашид ч дагах биз. Гэхдээ бүх юман дээр дагаж чадахгүй. Манай нөхцөл байдал өөр” хэмээн мэдэгдэхэд миний бие дэргэд нь байж билээ.
Ж.Батмөнх энэ санааг М.Горбачевт давтан илэрхийлсэн нь тохиолдлын зүйл биш юм. “Өөрчлөн байгуулалт”-ын онол, үзэл санаа нь зөвхөн Зүүн Европын орнуудад социализм хийгээд ЗХУ-ын манлайллын асуудалд шүүмжлэлтэй хандах үзэл төрүүлээд зогсоогүй ЗХУ-ын дотоодод эзэнт гүрний удирдлага суларч, задралын үр соёолсныг 1988 онд Таллин, Тбилист болсон үйл явдлууд тод харуулж байлаа. 1988 оноос социалист орнуудын намын удирдагч нарын мэдэлд Социализмын асуудал судлах эрдэмтдийн зөвлөл байгуулагдаж, хоёр удаа Чехословакийн Прага хотод хуралдсан юм. Монголын талаас миний бие эрдэмтэн Д.Бямбаагийн хамт томилогдон оролцож байв. 1989 оны зургаадугаар сард сүүлчийн удаа хуралдсаны дараа дүнг нь Ж.Батмөнх даргад танилцуулж, олонх орны эрдэмтэд социалист тогтолцоо ирээдүйгүй боллоо гэж үзэж байгааг хэлэхэд тэрбээр “Бид өөрийн замаа хайх цаг болжээ” гэж билээ. Ж.Батмөнх дээдсийн (элит) давхарга, үзэл суртлын үйлчлэгчдээс төрж тэднийг төлөөлсөн хүүхэлдэй байгаагүй.
Тэрбээр эгэл ардын дундаас төрсөн эрдэмтэн, түүхийн гашуун сургамжаас ухаарсан төрийн зүтгэлтэн байсан тул социализмын тухай асуудалд улс төрийн зулгуйчлалгүйгээр, эх оронч үзэл, эрдэмтэн хүний хэрсүү ухаанаар хандаж байсан юм.
Монголын нийгэмд тулгамдсан асуудлыг шийдэхэд манай төрийн бүх яамны дэргэд байгуулсан ЗХУ-ын Бүрэн эрхт төлөөлөгчийн газрууд (Далд засаг), манай нутагт байрласан 100 мянга гаруй Зөвлөлтийн цэргийн хүч, 1929 оноос хойш 1990 он хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн гэрээний “Зөвлөлтийн зөвлөх, зааварлагчийн саналаас зөрсөн хүнийг Монголын төрд ажиллуулахгүй” гэсэн заалт зэрэг хязгаарлалт бодитой байгааг Ж.Батмөнх гуай мэдэхийн дээдээр мэдэж, мэдэрч байсан. Тухайн үеийн байдлын нэгэн жишээг өгүүлье. 1988 оны арванхоёрдугаар сарын 21-нд МАХН-ын Төв хорооны бүгд хурал болж, Улс төрийн товчоондоо том өөрчлөлт оруулсан билээ. Бүгд хурлын өмнөхөн МАХН-ын нэгэн том дарга ЗХУ-д айлчилж, манай төрийн удирдагч дын нэг нь ч урьд өмнө үзээгүй сурталчилгаа амссан байв.
Миний бие арванхоёрдугаар сарын 23-нд манайд байгаа Зөвлөлтийн цэргийн удирдлагынханд өөрийн орны тухайн үеийн байдлын талаар таниулга хийх даалгаврын дагуу очиход нэгэн хурандаа угтаж аваад уулзалтын өрөөнд орох замдаа “Та нар яачихав аа? Та нарыг буухбуух гээд л явчих юм бодоод бид бэлэн байсан шүү дээ” хэмээхэд өрөөнд байсан генералуудын нэг нь эрүүл хүний цус царцмаар муухай харахад хурандаа маань амаа тас хавчиж билээ. Би хурандаагийн үгийг Зөвлөлтийнхөн төрийн эргэлт хийхийг хүлээж, цэргийн оролцоог бэлтгэж байжээ гэж ойлгоод дуугүй өнгөрч билээ. Ийм нөхцөлд Монголын Төрийн тэргүүн Ж.Батмөнх гуайн хувьд Зөвлөлтийн “өөрчлөн байгуулалт”-ыг хуулбарлан дуурайх бус, аль болохоор тайван хүлээцтэй хандаж, улс үндэснийхээ язгуур эрх ашгийн асуудлыг ард түмнийхээ хүлээлт, хүсэл зоригт нийцүүлэн шийдэх боломжийг эрэлхийлэх нь хамгийн эрхэм бөгөөд ухаалаг бодлого болж байлаа.
2. “Шинэчлэлийн төлөвлөгөөгүй”-н тухайд:
Хүн төрөлхтний түүхэнд нийгмийн байгуул лын өөрчлөлтийг хэн нэгний зохиосон төлөвлөгөөгөөр хийсэн тохиолдол байхгүй. Нийгмийн байгууллын өөрчлөлт бол хуучин тогтолцоо нь амьдрах чадваргүй болж мөхөхдөө амь тавин тэмцэх, шинэ тогтолцоо нь хуучнаа сөрөхөөс гадна өөрийгөө бойжуулах давуу талаа нотолж, орон зайгаа эзлэхийн тулд өөрөө өөртэйгөө тэмцэх нарийн төвөгтэй үйл явдал буюу тухайн үндэстний оршихуйн их огторгуйн хөдөлгөөн байдаг.
Нэгэнт үр нь боловсорч, цаг нь тулсан үйл явдлыг нийтийг хамарсан цуст сөргөлдөөнд хүргэхгүйгээр үндэсний эв нэгдэл, зөвшлийн замаар шийдэх чадвар нь тухайн үеийн төрийн удирдлагын соёл, ухаанаас хамаардгийг түүх гэрчилнэ. Манай оронд ардчилсан хүчнүүд үүсэж, ардчиллын төлөө хөдөлгөөн түгж эхэлсэн анхны үеэс (1989 оны арванхоёрдугаар сарын 10) Ж.Батмөнх нийгмийн өөрчлөлтийг үндэсний эв нэгдэл, зөвшлийн замаар шийдэх зарчим хатуу баримталж, намын удирдлагын доторх зарим хүний социализмыг хамгаалах, нэг намын ноёрхлыг хадгалах байр суурьд эрс шийдвэртэй няцаалт өгч байсан. Тийм тохиолдлын нэг нь, 1990 оны нэгдүгээр сарын сүүлчээр МАХН-ын Төв хороо, Засгийн газрын удирдлага хамтран улс орныхоо байдлыг хэлэлцэх үед УТТ-ны зарим гишүүн Ж.Батмөнх даргад хандан “Намыг босгооч, социализмыг хамгаалаач, биднийг хамгаалаач” хэмээн ширээ дэлдэж шаардахад Ж.Батмөнх “Монголд нэг хүний хамраас цус гаргасанд орвол бүгдээрээ огцорсон нь дээр” хэмээн хариулаад хурлыг хааж билээ.
Түүнээс хойш сар гаруйн дараа (1990 оны гуравдугаар сарын 9) УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох шийдвэр гаргаж, тэр дор нь нийтэд мэдээлэхдээ урьдаас сайтар бодож, үндэснийхээ эрх ашгийг дээдэлсэн алхам хийснээ тайлбарлан илтгэж байсныг нийтээр мэдэх билээ. Улс орны хувь заяаны түүхэн эргэлтийн энэ алхмыг зарим түүхч, судлаач мушгин гуйвуулж мэдэмхийрэх явдал хааяа тохиолддог нь харамсалтай. Ийм тохиолдлын нэг жишээ нь АНУ-ын Монголоор мэргэшсэн судлаач Моррис Россабигийн бичсэн ном юм. М.Россаби 1990 оны үеэс Монголын Ардчилсан хувьсгалыг сонирхон элдэв материал цуглуулж, сурвалжилж хоёр ном бичихдээ бодит үйл явдлыг олон талаар гуйвуулж будилсны дотор “Бат-Үүл, Бямбасүрэн хоёр буриад, хамаатан садан юм байна. Бат-Үүл өлсгөлөн зарлахад Бямбасүрэн нь Батмөнхөд очиж гуйхад нь огцорсон” гэх мэтээр балайрчээ.
Америкийн олон нийт, Америкийн улс төр чид, судлаачид М.Россабигийн бичсэнээр Монголыг төсөөлөхөд хүрвэл нэн харамсалтай. БатҮүл бид хоёрын хооронд ураг төрөл, хамаатан садны ямар ч холбоо байхгүй. Харин нэг удаа Россаби надаас “Бат-Үүл та хоёр хамаатан уу” хэмээн асуухад нь миний бие дургүйцэн хэгжүүрхэж, “Буриадууд бүгд хамаатан байдаг юм” хэмээн хариулж билээ. Монгол хүн бол энэ хариултыг “Дэмий юм битгий асуу” гэсэн утгаар ойлгоно л доо. Америк логик өөр ажээ. Түүнчлэн УТТ-г огцруулсан шийдвэрийн талаар Россабигийн өгүүлсэн зүйл нь бүхэл улс орны түүхийн эргэлтийн үйл явдлыг өөрийгөө хэт дээгүүр тавихыг санаархдаг боловч амьдрал нь хэт доогуур гоожиж өнгөрсөн бэртэгчин этгээдийн логик, сэтгэхүйн түвшинд унаж, овог омгийн байгууллын үеийн хүчин зүйлээр тайлбарлахыг оролдсон нь бүр ч харамсалтай. Эрхэм профессор М.Россаби түүхийг санаатай гуйвуулж будлиулагч судлаач бол хүн төрөлхтний ой ухааныг булингартуулагч адгийн шаар мөн гэдгийг юунд эс андах аж. Миний бие Ж.Батмөнх дарга УТТ-г огцруулах шийдвэр гаргах мөчид дэргэд нь байсан амьд гэрчийн хувьд тэр үйл явдлын үнэнийг өгүүлэх үүрэгтэй гэж үздэг билээ.
1990 оны гуравдугаар сарын 9-ний 10.00 цагт шинэ хүчнийхэнтэй уулзаж зөвлөлдөхөөр тохир сон байсан ч тэд цааргалж хойшлуулсаар 16.00 цаг өнгөрч, талбай дээрх нөхцөл эрс хүндэрлээ. Харанхуй бүрэнхий болоход элдэв өдөөн хатгалга гарахыг хориглох аргагүйг харгалзан миний бие 17.07 цагийн үед Ж.Батмөнх даргад шийдвэр гаргах цаг тулгамдаж байгааг хэлэхээр очиход Сайд нарын зөвлөл (СнЗ)-ийн дарга Д.Содном тэр хоёр урьд орой нь Их хурлын аппаратад боловсруулж, Б.Чимид, С.Бүдрагчаа нарын танилцуулсан зарлигийн төслийг хэлэлцэж суулаа. Тэр төсөлд жагсаал, цуглаанд оролцогсдын эсрэг техникийн хүч хэрэглэх заалт орсныг миний бие зөвшөөрөхгүй гэдгээ эх зохиогчдод нь хэлээд хэлэлцүүлэгт нь оролцолгүй хурлыг орхиж явсан юм. Хэлэлцүүлэг маргааш нь үргэлжилсээр байлаа.
Би Ж.Батмөнх даргад хандаж, “Талбай дээрх нөхцөл байдал хяналтаас гарч, эвгүй эргэх тийшээ хандлаа. Шийдвэр гаргах цаг боллоо гэж үзэж байна” хэмээн илтгэхэд Ж.Батмөнх дарга багаахан дүрсхийх аядаж “Ингэж яриа хэлэлцээ хийе гэж байхад бүтэхгүй бол шийдэх хэрэгтэй болж дээ” гээд үзгээ авахад нь би зарлигт гарын үсгээ зурах нь гэж бодоод “Дарга аа, ингэж шийдэхгүй юм сан” хэмээхэд тэрбээр жуумалзан инээмсэглээд “За за, огцоръё” гээд хонхоо дарж, туслахдаа УТТ-ны гишүүдийг дуудахыг даалгав. Ж.Батмөнх гуай эхлээд гарын үсэг зурах гэж байгаа мэт дүрсхийсэн нь миний бие уг зарлигийн талаарх саналаа урьд өөрт нь хэлээгүй байсан болохоор намайг сорьж, ямар шийдвэрийн тухай ярьсныг минь тодруулах гэсэн арга байжээ. Түүнээс биш Ж.Батмөнх, Д.Содном хоёрын хэн нь ч хүч хэрэглэхийн эсрэг байр суурьтай гэдгийг би сайн мэдэх билээ. Миний бие саналаа нэгэнт хэлсэн тул гарахаар завдахад Ж.Батмөнх гуай “Чи эндээ байж бай” гэлээ.
УТТ-ны гишүүд ирж суудлаа эзэлсний дараа Ж.Батмөнх дарга “Нөхцөл байдлыг харгалзан олон нийтийн зүгээс тавьж байгаа асуудлыг тайван замаар шийдэхийн тулд УТТ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох нь зүйтэй гэж үзэж байна. Зөвшөөрч байгаа гишүүд гараа өргөнө үү” гэхэд бүгд гараа өргөлөө. Ямар нэг зөрүүтэй санал гарч, хэлэлцүүлэг явагдсангүй. Ж.Батмөнх УТТ санал нэгтэй шийдвэр гаргасныг тэмдэглэж хэлээд хурал хаахад бүгд босож явлаа. Ж.Батмөнх дарга надад хандаж “Чи үлд” гээд “Б.Чимид, Д.Цахилгаан нарын хамт Ард чилсан хөдөлгөөнийхөнтэй уулзаж, энэ шийдвэрийн тухай мэдэгдэж, цаашдын алхмуудын талаар зөвшилц” гэхэд нь би “Миний бие Төв хорооны гишүүн бус тул намыг төлөөлөхгүй, Их хурлын депутат биш тул төрийг төлөөлж чадахгүй. Өөр хүнд даалгах нь зүйтэй болов уу” хэмээн хариулахад “Чамд нам, төрийн өмнөөс даалгаж байна” хэмээн тушаалаа. Миний бие “Өмнө нь (1990 оны хоёрдугаар сарын 26нд) танд өргөн барьсан Үндэсний эв нэгдлийн тухай тунхаглалын төсөл (Д.Содном, П.Жасрай бид гурвын гарын үсэгтэй)-ийг үндэс болгож хэлэлцэхийг зөвшөөрнө үү” хэмээхэд Ж.Батмөнх гуай “Тэр зүйтэй” хэмээснээр энэ үйл явдал дууссан билээ. (Ташрамд өгүүлэхэд, дээрх Үндэсний эв нэгдлийн тунхагт 1990 оны гуравдугаар сарын 12-нд ардчиллын төлөө хүчнийхэн гарын үсэг зурж, маргааш нь “Хөдөл мөр” сонинд нийтлэгдсэн юм). Оройн 19.00 цагт уулзалт, хэлэлцээр эхлэхэд УТТ огцрох болсон шийдвэр, түүний үндэслэлийн талаар Ж.Батмөнх гуай төвийн радиогоор нийтэд мэдээлж, үг хэлж байлаа. Тэр орой жагсаал, цуглаан тарсны дараа төв талбайгаас “Самосвал”-аар дүүрэн, тал хэмжээний чулуу, мод, төмрийн тайрдас цуглуулан цэвэрлэж билээ.
Ж.Батмөнх гуай үйл явдлын нэн эгзэгтэй мө чид улс нийгмийнхээ хувь заяаг шийдсэн хүнд шийдвэрийг хамтран зүтгэгчидтэйгээ санал нэгтэй гаргасан нь хувьсгалын өрнөлийг төлөвлөх боломжгүй ч гэсэн цагийг олсон ухаалаг алхмаар эерэг чиглэлд залж болохыг харуулсан юм. МоАХ байгуулагдаж, ардчиллын төлөө хөдөлгөөн эхлэхэд Зөвлөлтийнхөн манай НАХЯ дахь нөлөөгөө ашиглан “өөрчлөн байгуулалт”ын замаар хөтлөхийг оролдож байсан ч хувьсгалт хөдөлгөөний явцад улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхийн төлөө тэмцэх үзэл улам бэхжин хүчээ авч, эн тэргүүнд Ардчилсан социа лист холбоо (Баабар толгойлсон) голлох үүрэг гүйцэтгэж, уг хөдөлгөөн үндэсний эрх чөлөөний төлөө тэмцлийн агуулгатай болсноор Зөвлөлтийнхний хяналтаас хальж гарсан билээ. Ж.Батмөнх гуай УТТ-г огцруулах шийдвэрийг МАХН-ын удирдлагын дотоод тэмцлийн дэвжээн дээр бус, үндэснийхээ язгуур эрх ашгийн талбарт шийдэж, нийгмийн шинэч лэлийн жолоог ард түмнийхээ гарт өгснөөр гадаадын алив оролцоог хааж чадсан юм. 1990 оны хувьсгалын үеийн Монголын удир дагчдыг “шинэчлэлийн төлөвлөгөөгүй байсан” хэмээн буруутгах нь үйл явдлыг “өөрчлөн байгуулалт”-ын хавсарга болгоогүй хэмээн харамсахтай утга нэг ажээ.
3. “Сэдэж байсан ажил хэрэг нь амжилтад хүрээгүй” гэхийн тухайд:
Улс үндэстний түүхийн эргэлт болсон томоохон үйл явдлууд өөрийн орон цагийн зохицол тохиргооноос төрсөн логикоор өрнөдөг. Тэр орон цагийн мөн чанарыг ойлгохыг монголчууд “тэнгэрийн утгыг таних” хэмээдэг бөгөөд төр, нийгмийн удирдагчдын бодлого, үйл ажиллагаа түүнд зохицсон хэр хэмжээгээр түүхэнд гүйцэтгэсэн үүрэг нь үнэлэгддэг.
1980-ад оны сүүлчээр дэлхийн социалист систем бүхэлдээ хөгжил төрүүлэх чадвар нь мөхөсдөж, ЗХУ-д задралын үйл явдал нэгэнт эхэлсэн нь Монгол орны хувьд зөвхөн нийгмийн тогтолцооны төдийгүй улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийн байдлыг бодитой үнэлж, шинээр хандах боломж олгосон нь тэр цагийн нэг гол агуулга болж байлаа. Зөвлөлтийнхөн 1984 оны долоодугаар сарын 26-нд Зөвлөлтөөс хараат байдалд шүүмжлэлтэй хандах болсон Монголын удирдагч Ю.Цэдэнбалыг эмчлэх нэрийн дор Москвад аваачин гэрийн хорионд хийж, Монголыг төрийн эргэлтэд албадан оруулсан нь нийгмийн сэтгэхүйд гүнзгий ул мөр үлдээсэн байлаа. Монголын улс төр, төрийн тогтолцооны жолоог барихад энэ үеэс тохоон томилогдсон Ж.Батмөнхийн “сэдэж байсан ажил хэрэг”-ийг “өөрчлөн байгуулалт”-ын шалгуураар шүүх нь утгагүй юм.
Бодит үнэнийг үндэс болговол, Ж.Батмөнх Зөвлөлтийн “өөрчлөн байгуулалт”-ыг буруушааж эсэргүүцээгүй ч өөрийн орны загвар болгон хуулбарлаагүй бөгөөд ямар үр дүнд хү рэхийг нь эрдэмтэн хүний нүдээр харж, үнэний үр боловсроход хүлээцтэй хандаж чадсан билээ. Нөгөө талаас, Монголын улс төр, төрийн тогтолцоо бүхэлдээ Зөвлөлтийн хяналтад байгаа нөхцөлд хараат бус бодлого тунхаглаж, өөрчлөлтийн төлөвлөгөө зохиох нь амжилтад хүрэхгүй төдийгүй байдлыг улам хүндрүүлэх уршигтайг ойлгож байсан нь эргэлзээгүй. Ийм нөхцөлд Ж.Батмөнхийн явуулсан бодлого буюу “сэдэж байсан ажил үйлс”-ийн зорилгыг:
-Улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхийг бүтэн утгаар нь сэргээн улс үндэснийхээ хувь заяаг өөрийн гарт авах арга замыг олох;
-Нийгмийн байгууллын тогтолцоог мухардлаас гаргах асуудлыг социалист орнуудын өөрч лөлтийн ерөнхий чиглэлээр баримжаалан ший дэх боломжийг ард түмэндээ нээлттэй болгох;
-Нийгмийн өөрчлөлтийн үйл явдлыг хувьсгалт хийрхлийн нөлөөнд оруулж хэт улстөржсөн тэмцэл сөргөлдөөнд хүргэхгүйгээр, үндэсний эв нэгдлийн нөхцөлд тайван зам буюу зөвшил хэлцлийн замаар шийдэх;
-Монголынхоо нийгэм, улс төрийн тогтолцооны бүтэц, үзэл номлолын тухайн үеийн бодит нөхцөлд огцом өөрчлөлтийн дараах “хоосон орон зай” үүсгэхгүй байх гол арга зам нь хэдийгээр үзэл онол хийгээд үйлс нь мухардалд орсон ч гэсэн, зонхилох чанараараа нийт монголчуудынхаа эх оронч сэтгэл, итгэл үнэмшлийн зангилаа болж ирсэн МАХН-ыг улс төрийн тавцанд үлдээхэд оршиж байсан гэж үзэхэд эндүүрэл болохгүй.
Дэлхийн аль ч улс оронд тусгаар тогтнол, бүрэн эрх, нийгмийн байгуулал, улс төрийн бүт цийн эрс өөрчлөлт олон арван жил байтугай бүхэл зууныг дамжин шийдэгддэг бол Монгол орны хувьд энэ бүх асуудал нэгэн цаг үед давхцан нүүрлэсэн юм.
Ж.Батмөнх Ардчилсан хувьсгалын хамгийн эгзэгтэй мөчид энэ бүх асуудлыг үндсээр нь шийдэх цорын ганц түлхүүр нь УТТ-г бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах явдал мөн гэж үзэж, шинэ тогтолцоо, шинэ замналын сонголтыг ард түмнийхээ гарт өгсөн юм. Энэ шийдвэрийг гаргаснаараа үзэл номлол, хэсэг бүлгийн явцуу эрх ашгийн хүрээнээс хальж, улс үндэстнийхээ шинэ түүхийн үүдийг нээсэн Үндэсний удирдагч болж түүхэнд мөнхөрсөн юм.
Ж.Батмөнх гуайг огцорсны дараа нэг бус удаа уулзахад “Залуучуудын зөв шүү дээ. Та нар тэдэнд аль болохоор түшиг болох хэрэгтэй” хэмээн захидаг байж билээ. Монголын 1990 оны Ардчилсан хувьсгал бол монголчуудын олон зууныг дамжин зүрх сэтгэлдээ хадгалж ирсэн эх оронч үзэл, эрх чөлөө, шударга ёс, эв нэгдлийн үнэлэмжийн онч рон оргилсон охь дээж байсан бөгөөд шинээр төрсөн улс төрийн хүчнүүд, тэдгээрийн удирдагчид үндэснийхээ соёл, ухамсрын эдгээр үнэт зүйлсийг өвлөн баримталж чадсан нь Ардчилсан хувьсгалыг амжилтад хүргэж, одоогийн Шинэ Монголыг бүтээхийн нэг гол үндэс болсон юм. Энэ үйл явдлаас хойш гучин таван жил өнгөрчээ.
Монгол орон танигдашгүй өөрчлөгдөн, түүхийн хүрд нар зөв эргэсээр байна. Монгол хүн дэлхийн аль ч орны иргэдээс дутуугүй эрх чөлөө эдэлж, хүн ам нь 1.6 дахин, эдийн засаг нь 9.4 дахин өсөж, дэлхийд нөлөө бүхий улс гүрнүүдтэй эрх тэгш стратегийн түншлэлийн гэрээ хэлцэл байгуулан хамтран ажиллаж, 160 гаруй оронтой худалдаа эрхлэх болов. Энэ бүх ололт амжилтын зэрэгцээ хувьсгалт хөөрлийн гэнэн төсөөлөл, даган дуурайгч дэглэмийн рефлексийн инерц, шинэ колонич логчдын номлолд автан өөрийн орчин нөхцөл, төрт ёс, үнэт зүйлсээс хөндийрсний улмаас төр нь авлига, хээл хахуулийн бузраараа дэлхийд цоллуулж, эдийн засаг нь гадаад өр зээлийн урхинд боомилогдож, иргэд нь шударга бус хуваарилалтын мөлжлөгт өртөн, төрийн бодлого, нийгмийн амьдралыг шуналын дон шүглэсэн олигархиуд дэглэх болж байгаа нь одоо цагийн нэгэн үнэн, нэгэн өнгө мөн билээ. Хөгжил дэвшлийн чөдөр болсон эдгээр асуудлын үндсийг олж шийдэх нь нэн төвөгтэй боловч одоо цагийн эрх баригчид хийгээд тэднээр төлөөлүүлсэн улс төрийн хүчнүүд улс үндэснийхээ түүх, удирдагчдынхаа ухаан, бодлого үйл ажлыг үнэнээр ойлгож өвлөн, ард түмэндээ итгэж, тэдэнд үйлчлэх зарчмыг тууштай баримталбал амжилтад хүрэх зам аяндаа нээгдэх нь дамжиггүй.