Шатрын спортод мэргэжлийн тамирчид бэлтгэдэг дасгалжуулагч цөөнгүй бий. Үүнээс “Босоо ноён” клубийн багш, спортын дэд мастер Б.Очирсүхийн тамирчдаа бэлтгэл хийлгэдэг арга барил энгийн хэрнээ өвөрмөц. Түүний шавь нар тив, дэлхийн тэмцээнд амжилт гаргаж, Монгол Улсад энэ спорт хэрхэн хөгжиж буй өнгө төрхийг олон улсад харуулдаг. Өсвөр үеийнхний ДАШТ-д оюунаа сорьсон манай улсын тамирчид 2019 оноос хойш нэг ч байр эзлээгүй юм. Тэгвэл түүний удирдлагад оролцсон шавь И.Цэлмүүн нь таван жил тасраад байсан шагналын буухиаг үргэлжлүүлж, ДАШТ-ээс найм дахь медалийг эх орондоо авчирсан түүхтэй. Мөн өнгөрсөн жил болсон өсвөр үеийнхний “Дэлхийн цом”-д бодлого бодолтын төрөлд хамгийн өндөр 40 оноог авч тэргүүн байр эзэлсэн.
Түүнчлэн шавь Ц.Ананд шатрын насанд хүрэгчдийн УАШТ-ий рапид төрөлд их мастеруудаас Г.Мөнхгалтай тэнцэж, бусад өрсөлдөгчөө хожсоноор Катар улсын Доха хотыг өнгөрсөн жил зорьж, ДАШТ-д эх орноо төлөөлж оролцсон. “Босоо ноён” клубийнхэн 2024-2025 оны дотоодын тэмцээнд дараалан амжилт үзүүлж байв. Тэднийг УАШТ-д багаараа түрүүлж, хошой аваргаар шалгарахад тус клубийн багш Б.Очирсүхийн хичээл зүтгэл, бэлтгэл сургуулилалтын үр дүн нөлөөлсөн тул 2024 онд шилдэг дасгалжуулагчаар шалгарсан билээ.
-Сар шинийн өглөө хүмүүс золгож байхад та клубийнхээ тамирчидтай хилийн дээс алхсан. Хойд хөршийн Новокузнецк хотод болсон “Интеллект цом” олон улсын шатрын фестивальд оролцох үед ямар бодол төрөв?
-Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын харьяат. Аав, ээж минь тус аймагт ажиллаж, амьдардаг болохоор жил бүр очиж золгодог юм. Энэ удаа ОХУ-д болсон “Интеллект цом” олон улсын шатрын фестиваль Монголын Цагаан сартай давхцаж, битүүний өдөр эхэлсэн. Миний хувьд тамирчидтайгаа гадаадад сар шинийн баярыг анх удаа тэмдэглэсэн нь тун сонирхолтой байлаа. Монгол ёс заншлаа хүндлэн дээдэлж, өрөөндөө ширээ засаад шавь нартайгаа золгож, гэрийнхэнтэйгээ болон ах дүүс, хамаатан садан, найз нөхдөдөө сар шинийн мэнд дэвшүүлсэн. Тус фестивальд 20 гаруй улсын 44 баг өрсөлдөхөд манайхан тэмцээний эхэнд чансааны эрэмбээр зургаад бичигдсэн ч тоглолтын дараа стандарт төрөлд багаараа V байрт шалгарлаа. ОХУ шатрын спортод хамгийн олон их мастер цолтон төрүүлснээрээ дэлхийд эхний гурван байрт ордог. Тиймдээ ч тамирчид нь ямар ч тэмцээнд хүчтэй өрсөлдөгч болдог юм. Шатрын тэмцээн зохион байгуулж буй орнууд өндөр зэрэглэлийн томоохон буудалд тамирчдыг байрлуулж, хоол унд болон аюулгүй байдлыг сайтар хангадаг. Дасгалжуулагчийн хувьд тамирчдаа тухайн орны орчин нөхцөл, цаг агаарт хэр хурдан дасан зохицож буйг ажиглах, мөн нойр, хоол, амралтыг нь зөв тааруулах, гэрээсээ олон хоног хол яваа болохоор аав, ээжээс нь дутахааргүй асарч халамжлах, тэмцээний үед тоглох өрөг, нүүдэл, сэтгэл зүйн байдалд нь анхаарал хандуулах зэргээр завгүй ажилладаг.
-Олон улсын шатрын фестивальд оролцох багийг клубээсээ бүрдүүлж явсан нь давуу тал болов уу. Дасгалжуулагчид тамирчдаа тэмцээнд оролцуулсаар байгаад олон талын судалгаатай болдог. Энэ удаа юунд анхаарал түлхүү хандуулсан бэ?
-Шавь нараа фестивальд оролцуулахдаа олон зүйлийг харж, ажиглалаа. Оросуудын энэ спортод мэргэжлийн тамирчин бэлтгэдэг систем өмнө нь хүчирхэг байсан, одоо ч мөн хэвээрээ л байна. Энэ удаа хойд хөршийн шигшээ баг оролцоогүй ч шатрын академийнх нь тамирчид сайн тоглосон. Монголд олон улсыг хамруулсан багийн томоохон тэмцээн тэр бүр болдоггүй. Тамирчид маань эхний нэг, хоёр өрөгт сайн ойлгохгүй тактикийн алдаа гаргасан ч дараагийнхад нь хэрхэн тоглох учраа мэдээд амжилттай үргэлжлүүлсэн. Сүүлийн үед Казахстан, Узбекистаны өсвөр үеийн тамирчид тив, дэлхийн тэмцээнийг өнгөлж байна. Шавь нар минь аль альтай нь таарсан ч оноо хол зөрүүгүй хожигдсон. Энэ удаа Узбекистаны баг түрүүлж, Казахтсан, Израил улсын баг мөнгө, хүрэл медаль хүртэж, хүчирхэг өрсөлдөгчтэйгөө харууллаа. Эдгээр улсын төр засаг нь шатрын спортыг дэлхийн хэмжээнд хөгжүүлэхийн тулд бодлогоор дэмжиж буй нь тамирчдынх нь өрсөлдөөнөөс анзаарагдсан.
-Өсвөр үеийнхний УАШТ ирэх долоо хоногт эхлэх нь. Эхний гурван байрт шалгарсан тамирчид тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авдаг болохоор өрсөлдөөнтэй болдог юм билээ.
-Өсвөр үеийнхний УАШТ дотоодын томоохон тэмцээнд тооцогддог. Тоглолтын товлосон хугацаа дөхсөн тул клубийнхээ тамирчдыг амжилттай оролцуулахаар бэлтгэл сургуулилалтыг нь шаргуу хийлгэж байна. Манайхан өмнөх хоёр тэмцээнд багаараа түрүүлсэн болохоор аваргаа баталж, бас түрүүгээ алдахгүйн тулд хамгаалж тоглох зорилго тавьсан. Бусад клубийнхэн ч гэсэн аваргын цом гардахын төлөө хичээж, ана мана өрсөлдөх биз ээ. Шатар сонирхож хичээллэгсдийн хүрээ тэлж, дотоодын өрсөлдөөн жилээс жилд хүчтэй болсон энэ цагт орон нутгийн хүүхдүүд хотын тамирчдаас дутахгүй амжилт гаргаж эхэлсэн нь манай улсад энэ спорт хэр хөгжсөнийг илэрхийлж байна.
-Сайн өрсөлдөгч болохын тулд бүхнийг эхнээс нь зөв сурах шаардлагатай гэдэг. Танд шатрын эрдмээс зааж, тамирчин болох замыг чинь зассан ачтан хэн бэ?
-Надад шатар хэрхэн тоглохыг анх заасан хүмүүс бол өвөө, аав хоёр минь. Тэдний орой бүр тоглохыг багадаа харсаар байгаад сурсан. Өдөр бүр өөр нүүдэл хийж, нэгнээ хожих нь тэр үед сонирхолтой санагддаг байж билээ. Би 11 нас хүртлээ тэдний зааснаар тоглож, аймаг, сумын аварга шалгаруулах тэмцээнд оролцдог болсон юм. Харин түүнээс хойш Сүхбаатар аймгийн дасгалжуулагч Ж.Энхбаатар багшийн байгуулсан “Оюунлаг” шатрын клубт хичээллэж, спортын гараагаа эхлүүлсэн. Тэрбээр “Босоо ноён” клубийн шилдэг дасгалжуулагч Энхнарын аав. Түүний удирдлагад 18 нас хүртлээ бэлтгэл хийж, ур чадвараа ахиулсан минь, мөн өвөө, аав хоёроос сурсан бүхэн хожим дасгалжуулагчаар ажиллаж, мэргэжлийн тамирчид бэлтгэхэд их нөлөөлсөн. Би ямар ч тоглоомыг хараад амархан сурдаг. Төгс биш юм гэхэд хичээл зүтгэл гарган өрсөлдөх хэмжээнд хүрсэн байдаг юм. Тэр олон спорт тоглоомоос шатрыг сонгож хичээллэсэндээ одоо ч талархдаг. Э.Энхнар багш надаас хэдэн насаар ах. Бид нэг багшийн шавь ч гэлээ тухайн үед бэлтгэл хамт хийх цаг хугацаа тэр бүр гардаггүй байлаа. Түүний байгуулсан “Босоо ноён” клубт дасгалжуулагчаар ажилласнаас хойш зургаан жилийг үджээ.
-Шатрын дотоод, гадаадын тэмцээнийг үеийн тань тамирчид сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог байсныг саналаа. Тухайн үед та тэдэнтэй хөлөг дээр цөөнгүй таарсан байх.
-Оюуны спортоос шатрын хөгжлийг манай үеийнхэн нэг хэсэг урагшлуулсан гэж боддог. Цахиур хагалж, хүч түрэн орж ирсэн тэднээс Олон улсын мастер, улсын аварга Ү.Агьбилэг гадаадын тэмцээнүүдэд улсаа төлөөлж оролцохдоо амжилт цөөнгүй гаргасан. Тэрбээр их мастер цолтнуудын эгнээнд багтахад тун ойрхон байгаа. Тэрбээр өндөр зэрэглэлийн шатарчин гэдгээ харуулж, Азийн 3.3 бүсийн тэмцээний нээлттэй ангилалд дэд байрт шалгаран “Дэлхийн цом”-д оролцох эрх авч байв. Эмэгтэйчүүдээс их мастер Б.Амина өдгөө шилдгүүдийн нэг болсон. Би тамирчин байх хугацаандаа гадаадын тэмцээнд олон оролцоогүй. Шигшээ багийн бус тамирчид хувиасаа зардал гаргадаг болохоор олон улсын тэмцээнд оролцоно гэдэг тухайн үед амаргүй байв. Тиймээс дотооддоо голдуу өрсөлдсөн. Монголд 2015 онд зохион байгуулсан шатрын Азийн АШТ-д оролцож, хүрэл медаль хүртсэн минь миний хувьд томоохон амжилт байлаа.
-Дасгалжуулагч хүн бүрийн хүсэх ажил биш гэдгийг спортын талбар олон зүйл дээр харуудаг. Багшаар ажиллаж, мэргэжлийн тамирчид бэлтгэх эхэндээ амаргүй санагддаг байв уу?
-Шатрын дасгалжуулагчаар ажиллаад зургаан жил болжээ. Хүн давахгүй гэсэн даваагаар заавал давдаг юм билээ. Би өмнө нь багш хэзээ ч болохгүй гэж боддог байсан. Хүүхдүүдийг удирдаж, бэлтгэл хийлгэсэн эхний жилүүдэд ажилдаа дасах хэцүү байв. “Босоо ноён” клубт багшлахаар ирсэн тэр өдрөөс өнөөг хүртэл Э.Энхнар ахаасаа суралцсаар л явна. Манай клубийнхний хувьд 2024 он амжилт арвин, өөдрөг жил болсон. Шавь нар минь дотоод, гадаадын тэмцээнээс медаль хүртэж, би ч ажилдаа гаршиж, туршлага хуримтлуулсан. Шавь нараас минь тэр жил И.Цэлмүүн өсвөр үеийнхний ДАШТ-д оролцохдоо таван жил тасраад байсан шагналын буухиаг үргэлжлүүлж, эх орондоо хүрэл медальтай ирсэн. Түүнээс гадна Ц.Ананд Тайланд улсад болсон сурагчдын Азийн АШТ-д түрүүлж, “Босоо ноён” клубийнхэн УАШТ-д амжилттай оролцож, багаараа тэргүүн байрт шалгарснаар би шилдэг дасгалжуулагч болсон юм.
-Тухайн тамирчныг амжилт гаргахад бэлтгэл сургуулилалт, ур чадвараас гадна юу их нөлөөлдөг юм бэ?
-Дасгалжуулагчийн удирдах арга барил, ар гэрийнхнийх нь дэмжлэг, хүлээж авах хандлага багагүй нөлөөлдөг. Багш, тамирчин, гэр бүл гэсэн уялдаа холбоотой хамтран ажиллаж байж үр дүнд хүрнэ. Дасгалжуулагч, тамирчин хоёр шатрын хөгжлөөс хоцрохгүйн тулд шинийг байнга эрэлхийлдэг байх ёстой. Мэдээлэл өндөр хөгжсөн өнөө үед аль аль нь судалгаагүйгээр алхам ч урагшлахгүй. Надад хойшид ч суралцах зүйл их бий. Монголын шатарчдын олонх нь ур чадвартай ч хөрөнгө, мөнгөний тулгамдсан асуудлаас үүдэж, олон улсын тэмцээнд тогтмол оролцдоггүй. Шатрын тэмцээн олон хоног үргэлжилдэг. Наанадаж найм, ес хоног болно. Өсвөр үеийнхний УАШТ гэхэд л долоо хоног өрнөх жишээтэй. Улсын тэмцээний эхний гурван байрт шалгарсан тамирчид олон улс, тив, дэлхийн тэмцээнд оролцох эрх авдаг. Дасгалжуулагч, тамирчин тэмцээн дөхөх тусам ачаалал өндөртэй ажилладаг. Манай клубийнхний хувьд энэ жил гадаадын 3-4 том тэмцээнд оролцохоор хилийн дээс алхах болов уу.
-“Босоо ноён” клубийн тоглогчдоос Ц.Ананд рапидын ДАШТ-д улсаа төлөөлж ганцаараа оролцсон санагдах юм.
-Ц.Ананд 13 настай шүү дээ. Насанд хүрэгчдийн рапидын ДАШТ-д амжилтаараа тэргүүлдэг, чансааны эхэнд эрэмбэлэгддэг шилдгүүд өрсөлддөг. Тухайлбал, Магнус Карлсен дэлхийн тэргүүлэгч тамирчин шүү дээ. Түүний оролцдог тэмцээнд шавь минь өрсөлдөнө гэдэг том амжилт. Үүнд оролцохын тулд дотоодын тэмцээнд түрүүлж эрх авсан. Бид тамирчдаа олон улсын тэмцээнд оролцуулахын өмнө тухайн орны талаар багагүй судалж, цагийн зөрүүнд нь тохируулж бэлтгэл хийлгэдэг. Монгол хүүхдүүд хаана ч очсон орчин нөхцөлд нь маш хурдан дасан зохицдогоороо давуу талтай. Сэтгэл зүйн хувьд ч өндөр, тэмцээний ачаалал даах чадвар сайн. Үүгээрээ гадаадын тамирчдаас ялгардаг. Хэдийгээр шатарчид хөлөг дээр тоглож харагддаг ч цаана нь дасгалжуулагч нар нь мөн л хамт тоглодог. Тиймээс өрсөлдөгчдийнх нь өрөг, нүүдлээс гадна хэрхэн тоглодог арга барил, техник, давуу болон сул тал, зан чанарын онцлогийг нь судалж байж, тамирчнаа амжилттай оролцуулна шүү дээ.
-Шавь нар тань нэгэндээ хүндэтгэлтэй хандах юм. Таатай уур амьсгалтай орчин тамирчдыг амжилт гаргахад багагүй нөлөөлдөг биз?
-Манай клубт гурван янзын харилцаа, хүндлэл бий. Нэгдүгээрт найз нөхөд, хоёрдугаарт ах дүүс, гуравдугаарт багш шавийн харилцан ойлголцол юм. Үүнээс багш шавийн харилцаа давамгайлна. Хүүхдүүд найз нөхдийн харилцаанд дуртай байдаг. Тиймээс бид клубтээ итгэл, найдвар төрүүлэх халуун дулаан орчныг бүрдүүлэхийг үргэлж эрхэмлэдэг. Багшийн хувьд хүүхэд бүртэй ойр байж, нэг бүрчлэн тулж ажиллахаас гадна нээлттэй харилцан, зан чанар, тоглох арга барилд нь тохируулж, бэлтгэл хийлгэдэг.
-Тамирчид эцэг, эхийнхээ хичээллэдэг спортыг өвлөн үргэлжлүүлж байгаа харагддаг. Та ч бас өвөө, аавынхаа адил шатар тоглож байна шүү дээ.
-Өвөө, аав хоёр шатар тоглохыг заагаагүй бол би өдийд сураагүй ч явах юм бил үү. Тэд мэргэжлийн тоглогч биш ч гэлээ надад энэ спортын эрдмээс анх зааж, гайхамшгийг мэдрүүлсэн юм. Би өвөөд эхэндээ хожигддог байсан бол 13 наснаас хойш хождог болсон. Олны ярьдгаар бол тэд минь цагийг үр дүнтэй өнгөрүүлж сурсан цайны шатарчид юм даа. Надад энэ жил төлөвлөсөн нэг том зорилго байгаа. Тамирчдаа өсвөр үеийнхний ДАШТ-д дахин сойж, өмнө хүртсэн хүрэл медалийнх нь өнгийг хувиргах бодол бий. Шавь нар минь тив, дэлхийн аварга болно гэхээс илүү цолны норм биелүүлж, ур чадвараа ахиулах зорилготой байна.