Дэлхийн өрсөлдөх чадварын төвөөс “Дэлхийн авьяас, ур чадварын тайлан 2023”-ыг танилцуулсныг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв (ЭЗБӨЧСТ)-өөс мэдээллээ. Тодруулбал, улс орнуудыг хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйл, авьяас, ур чадварыг төлөвшүүлэхэд чиглэсэн дотоодын нөөц бололцоо, олон улсын ба дотоодын зах зээлээс авьяас чадварыг татах, хадгалах чадвар болон мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал гэсэн үндсэн гурав, шалгуур 31 үзүүлэлтээр үнэлэн дээрх тайланг жил бүр гаргадаг юм байна. Үүнд Монгол Улс ерөнхий 23.18 оноотойгоор 64 улсаас хамгийн сүүлд жагссан аж. Уг тайланд манай улс хөрөнгө оруулалт, хөгжлийн хүчин зүйлээр 61, эрүүл мэндийн дэд бүтцийн хүртээмжээр62, авьяас, ур чадвартай мэргэжилтэн, ажиллах хүчийг ажиллуулах нээлттэй, бэлэн байдал болон бага боловсролын сурагч, багшийн харьцаа, хүн амынх нь амьдралын чанараар63, их сургуулийн олгож буй боловсролын түвшнээр 64 дүгээрт эрэмбэлэгдсэнийг ЭЗБӨЧСТ- өөс онцлов. Сонирхуулахад, авьяас, ур чадварын тайланд Швейцар тэргүүлж, араас нь Люксембург, Исланд, Бельги, Нидерланд бичигдсэн бол Венесуэл 62, Бразил 63 дугаарт жагсжээ.