“Миний хөөрхөн шүдний аялал”, “Нууцын эрэлд”,”Хаалган хадны нууц”, “Эвтэй найзууд”, “Шидэт шүүр” зэрэг тайз, дэлгэцийн олон жүжиг, цуврал анимэйшний автор, хүүхдийн зохиолч Н.Мандалын “Нээлт” бүтээлийг уншигчдадаа хүргэж байна. Тэрбээр 1999 оноос хүүхэд багачуудад зориулан зохиол бүтээл бичиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд “Болсон явдал”, “Зэгэл биет чалчаахай”, “Хип хоп мандтугай”, “Пөөвгөө” зэрэг 60 гаруй номыг бяцхан уншигчдадаа хүргэжээ. Мөн Монгол Улсын Хүүхэлдэйн театр болон орон нутгийн Хөгжимт драмын театрууд, хэвлэлийн газрууд, боловсролын байгууллагынхантай хамтран ажиллаж, хүүхэд багачуудыг ном зохиол, урлагийн бүтээлээр дамжуулан соён гэгээрүүлэх, төлөвшүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж ирсэн байна. Н.Мандал хамгийн сүүлд Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тохиолдуулан Монголын зохиолчдын эвлэлээс зохион байгуулсан хүүхдийн зохиолын “Мэргэн бөөдий” анхдугаар уралдаанд хүүрнэл зохиолын төрөлд “Амьд зураг” бүтээлээрээ дэд байрт шалгарсан юм.
Нээлт
Зун цагийн шатаам халуун наран гудайн доошлох үеэр нэгэн айл өвлийн сууцнаас зуслан руугаа хогшлоо ачаалаад хөдөлжээ. Хорвоогийн эгэл жирийн гэгээнээс бүгэн хоолны шүүгээний арын давчуухан завсарт унтаж байсан арваад хүрэн жоом нүүдэл дагасныг хэн ч анзаарсангүй ээ. Жоомнууд тээгдэж явсан тэрэгнийхээ айхавтар хүчтэй дуу чимээ, сүрхий доргион чичиргээнийг дөнгөж намдмагц модны ширхгээс зуурч байсан хөлнүүдээ суллан хэсэг амарсан авч гаднаас нэвт шувт орж ирэх хурц ягаан туяа, задгай сэрүүн агаарыг үл ойлгохдоо түгшицгээж эхлэв. Яг тэр үед гэнэтийн гай нүүрлэж орогнож байсан хуучин модон шүүгээ газарт тасхийн унах нь тэр ээ! Хүчтэй сэгсрэлтэд өртсөн Паа жоом хол шидэгдэн шороон дээр унаж, хэт цочирдсоноос болоод ухаан алдсан байв. Тэрбээр хэдий удаан ийнхүү гэдрэг харан хэвтсэнийг бүү мэд, нэг л мэдэхүл ам руу нь аагтай гашуун шингэн гулсан орж байх бөгөөд арайхийн хоёр тэмтрүүлээ хөдөлгөн нүдээ сая нээлээ. Нүднийх нь өмнө эхлээд жижиг хар юм бүртэлзэж, сүүлдээ өрөөлийн тэмтрүүл чичигнэж байх нь тод харагдахад Паа цочин ухасхийлээ. Нээрэн л түүний дээрээс хачин жижигхэн юм тонгойн байсан бөгөөд часхийсэн дуу гаргаж,
-“Бүү ай! Би бол ажилчин шоргоолж. Та нарыг энд огт үзэгдээгүй болохоор “холын гийчид баларч яваа юм байна” гэж таагаад туслахаар ирцгээлээ гэв.
-Юу? Манай хэд бас энд байна гэж үү?
-Байгаа. Бид олсон. Дахиад самнан хайцгааж ч байна. Та нар хаанаас яваа хэн гээч вэ?
-Жоом. Сууцанд амьдардаг жоом.
-Тэгнэ ээ, тэр! Би бүр мэдээд байсан юм.
-Юу мэдсэн гэж?
-Та бүгдийг тансаг газраас ирж дээ гэж. Ийм содон гялгар нуруу туруу, турьхан хөлөөр чинь мэдсэн. Манайхны төрөл нэгт зарим шоргоолж бас сууцанд амьдардаг гэж сонссон. Тэд биднээс өөр, гялгар шар дээлтэй, ер нь л их зантай амьтад. За, за явцгаая! гээд жоомыг дахин үг хэлэх сөхөөгүй байтал ихэд эелдэг дуугаар “Би чамайг өөрсдийнхөн дээр чинь аваачиж өгнө” гээд чирэв. Паа анх удаа шороон дээр гишгэхдээ гуйвж дайван арай гэж газар хороох аж. Жоом зам зууртаа элдвийг бодов. Эртээдхэн нутагт нь орж ирсэн хоёр шар шоргоолжийг тэднийхэн аймшигтайгаар тамлан алсан сан. Паа тэр хэрэгт оролцоогүй ч жигтэйхэн эвгүйцэж билээ.
-Бид юу гээчийн газар ирэв? Бидний төсөөлдөг байсан “задгай” гээч энэ мөн үү гэж жоомыг асуухад шоргоолж толгой сэгсрэн жуумалзаж:
-Энэ бол байгаль гэснээ
-Та нар ер нь байгальд огт гарч үзээгүй юу? хэмээв.
Паа бага зэрэг нэрэлхэн: -Үгүй чиш! Бидэнд гадагшаа гарах ямар ч шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл, бид сууцандаа тун чиг жаргалтай амьдардаг гэлээ. Шоргоолж хэсэг чимээгүй явснаа жоомноос:
-Хүүе наад нуруун дээрх чинь далавч юм уу? гэж асуулаа.
-Уг нь тийм. Гэхдээ хотжилтын явцад үүрэг нь устсан юм.
-Хотжилт гэв үү?
-Тийм дээ. Хөгжил дэвшил! Бэлэн зэлэн орчин.
-Тэгвэл та нар хөгжил дэвшлийнхээ ачаар ингэж удаан паацганадаг болоо юу?
-Харин үгүй шүү. Сууцандаа бол бид маш хурдан жирийлгэдэг.
-Тийм л баймаар юм. Ингэж хэлээд шоргоолж юу ч юм бодоод инээв. Тэр хоёр олон шоргоолж бужигнасан газарт ирцгээлээ. Тэнд Паатай хамт нүүн ирэгсдийн зургаа нь талийгаач болчихсон гэдэргээ хараад хэвтэж байв.
Шоргоолжнууд золгүй үхэгсдийн зүг заан:
-Пөөх, ийм сайхан амьтад ингэж бөөнөөрөө сүйдэх гэж хэмээн халаглацгаана. Тэдний дотроос нэг нь Пааг сая харж,
-“Ашгүй нэг нь ч гэсэн амьд байна гэж дуу алдан “Тэр хамгийн наана хэвтэж байгаа том жоом амьсгаагаа хураахын өмнөхөн “манайхнаас амьд юм үлдвэл хорвоог уужим гээд дамжуулаарай” гэсэн. Бүрлээч нэгний чинь үг!” гээдхэв. Паа тэрхүү үгэнд учиргүй гайхаад л өнгөрчээ. Шоргоолжнууд амьд үлдсэн ганц жоомыг дагуулаад гэр лүүгээ явцгаалаа. Давчуухан үүдтэй хэрнээ дотроо их л зайтай, цэвэрхэн гэрт сууцгаадаг аж. Тэдний ажилсаг байдал гэр доторх бүхнээс илт. Гаднаас цугтаа орж ирсэн шоргоолжнуудыг эгнэн жагсахад нэг нь хүнс хуваарилан түгээнэ.
Паа урдаа байгаа хоолноос дур муутайхан зажилж зогсохдоо эргэн тойрноо их л анхааралтай ажиглаж, шоргоолжнуудын барьж тохижуулсан оромж, хурааж нөөцөлсөн хүнс зэргийг гайхав. Хөгцтэй өвсийг ханаар үелүүлэн өрөхдөө хэн нь ч залхуураагүй бололтой. Удалгүй шалмаг хөдөлгөөнтэй нарийхан жижиг биетэй шавжнууд унтахаар зулан хэвтэцгээхэд Паа дуртай дургүй хэвтсэн болов. Шөнийн түнэр харанхуй бол жоомнуудын зугаалга, цэнгээний үе. Биеийн тамирын төрөл бүрийн тэмцээн, хоол хүнсний худалдаа арилжаа гээд ер бүгд үдшийн бүрийд болж өнгөрнө. Гэрийн эздийг дуг нойрондоо дугжирч эхлэхэд Паа байж ядан сэрвэлзэж, холгүйгээс үнэртэх модон оромжныхоо зүг жирийлгэмээр санагдавч гадаа хүйтэн тул яах билээ.
Бөөрлөн наалдах нэг шоргоолж хэвтрээ засан хэдэнтээ хөрвөөснөө сэрвэлзэж байгаа жоом руу эргэж:
-Чи унтахгүй яагаа вэ гэж шивнэлээ.
Паа хариуд нь:
-Надаас айгаад нойр чинь хүрэхгүй байна уу? Хэдий том биетэй ч бид та нар мэтийн өчүүхэн шавж зооглодоггүй гэж хээвнэг хэгжүүрхэв.
Өнөөх шоргоолж: -Ёстой тэгж бодоогүй юм байна шүү. Бид өөрсдийгөө барьж иддэг шавжнуудын үнэрийг ер анддаггүй. Чамайг тийм байсан сан бол юунд гэртээ авчрах сан билээ гэлээ.
-Надаас тэр үнэр чинь үнэртэхгүй байна уу?
-Үгүй чш... Шал ондоо үнэр. Юу ч гэмээр юм бэ дээ. Аа, тийм, хор. Хорны үнэр ийм байдаг. Сууцныхан ер нь их хортой нөхцөлд амьдардаг шиг билээ. Эртээдхэн манай энд сууцны хэдэн шоргоолж ногооны шүүс ууж биеэ тэнхрээхээр ирээд буцацгаасан. Нэг л их сульдсан, эвгүй үнэртэй юмнууд байсан, хөөрхийс. Шөнө ердөө ч унтахгүй, гүйцгээгээд л… Хөөе ээ, сууцныхан юунд гэрлээс айдаг вэ?
Жоом яриа дэлгэрсэнд баярлан амаа жаамигануулан:
-Бидэнд гэрэлд огт гарч болохгүй гэсэн хууль үйлчилдэг гэв.
-Яагаад?
-Хэрвээ бид гэрэлд гарвал тэр дороо л чадхийнэ.
-Олуулаа гарвал яах вэ? -Хамгийн аюултай юм бол тэр! Тун чиг удалгүй дээрээс утлага буудаг.
-Тэр чинь юу юм бэ?
-Төрлүүд чинь энэ тухай юу ч яриагүй хэрэг үү? Утлага бол шингэн, нунтаг янз янз. Биднийг бөөнөөр нь хороодог хор. Хамгийн аймшигтай нь дээд зэргийн амттай хоолтой маань хольж хутгасан хор.
-Ямар аймаар юм бэ!
-Жоомнуудад “хэн ч гэрэлд бүү гар” гэсэн хууль үйлчилдэг. Хууль зөрчсөн нэгнийгээ бид шийтгэдэг. Хэтэрхий хатуу шийтгэл. Хатуу ч байхаас аргагүй юм. Үндэс угсаагаа тэгж л авардаг.
-Хэцүү ч юм даа.
-Хэцүү биш ээ! Бидний бие ямарч утлаганд гуравхан хоноод дасацгаадаг. “Жоомны утлага гуравхан хоног!” гэсэн эртний үг бий.
-Тийм бол ч бас яах вэ! Гэвч та нар байгальд ер амьдарч чадахгүй юу? Эсвэл огт хүсдэггүй юү? Сууцны шоргоолжнууд байгальд амьдрах дургүй ч бидний тухай зөндөө л дуу, шүлэг зохиоцгоодог гэсэн.
-Бид ч гэсэн тэгдэг. Гэвч бэлэн зэлэн хоол, тохьтой дулаан орчин гэдэг юугаар ч сольшгүй зүйл. Шоргоолж жоомноос өөр юу ч шалгаасангүй, эргэж хараад хэвтэхдээ “утлага… утлага… аймаар юм” гэж үглэсээр хурхирчээ.
Шөнийн эл ярианы дараа Паагийн толгойд өнөө бүрлээч жоомны захисан үг гэнэт орж иржээ.
-Тэрээр яагаад ингэж хэлсэн юм бол? Гэдэргээ харахад нь хорвоо гэгч тийм уужим харагдсан юм болов уу, эс бөгөөс тэр надтай адил хэн нэгэнтэй хязгааргүй задгай газрын тухай хөөрөлдөж амжаа юу? Паа элдвийг бодсоор сүүлдээ жаахан унтсан байв.
Энд тэндгүй часхийх содон чимээнээр сэрвэл шоргоолжны үүрний бяцхан үүдээр бүдэг гэгээ орж ирсэн байлаа. Шоргоолжнууд тэрхүү гэрлийг л хүлээж байсан мэт гадагш шуугилдан гарцгаав. Удалгүй үүдээр орж ирсэн гэрэл улам тодорч улбар ягаан өнгөтэй болоход гаднаас хүнсээ зөөж орж ирсэн шоргоолжнууд Пааг харан:
-Хүүе чи гараач! Энд ямар ч гэрлийн хууль үйлчилдэггүй! Битгий бөглөө болоод бай, гарч үнэрээ арилга, бид ажлаа хиймээр байна хэмээцгээв. Паа хэдийгээр хурц гэрлээс халгаж байсан ч аргагүйн эрхэнд бусдын гэрийг орхин явахад хүрлээ. Түүнийг шоргоолжны үүрнээс дөнгөж цухуймагц нарны дулаахан илч тосон авав. Шөнөжин даарснаасаа болоод тэр үү, мөнөөх гэрэл түүнд их л тааламжтай санагдаж, танил шүүгээнийхээ үнэрийг ч хөөхөө умартан хаашаа ч хамаагүй яваад баймаар болжээ. Дасал болоогүй сул шороон дээр явахад нэлээд бэрхшээлтэй байсан тул байсхийгээд л амарна. Паагийн зам зуурт урьд нь ер үзэж хараагүй сонин хачин ургамлууд тааралдаж, дээгүүр нь төрөл бүрийн нисдэг, гүйдэг шавж хөгжилдөн өнгөрнө. Ногоон ургамал салхины аясаар дайвалзан байх нь жигтэй сүрдмээр боловч тэдгээрээс эгшиглэн гарах намуухан аялгуу байгалийн юм бүхэнтэй хөг нийлэх авай.
Паагийн хажуугаар өнгөрөгч хорхой бүхэн, “Хүүеэ, наад ганган амьтан чинь чухам хаанаас гараад ирэв ээ? Ганцаараа явж байхыг бодоход ижлээсээ төөрсөн юм байлгүй дээ” гээд инээлдэн одоцгооно. Паа тэдгээрийн жигтэй тайван байдлыг хачирхахдаа “Хил хязгаар, хууль дүрэм гэгч байхгүй газарт л сая амар амгалан оршдог ажээ” хэмээн боджээ. Үзсэн харсан болгоноо алмайран ширтсээр бүүр орой болсон хойно модон байшингийн үүдэнд ирлээ. Аянчин жоом довжооны гишгүүр дээр гишгэмэгцээ цахилгаанд цохиулсан мэт огло үсрэн хурдалж, тэр л эрчээрээ танил шүүгээнийхээ завсраар орж явчихав. Шүүгээнд жигтэй эль хуль байлаа. Хоолны болон хуучин утлаганы үнэр холилдон ханхийхэд дотор нь эвгүйцэвч байдаг тэнхээгээрээ “Энд хэн нэгэн байна уу” гэж хашхирлаа. Гэвч хариу эс сонсжээ.
Шүүгээнд орь ганцаараа байгаагаа мэдсэн залуу жоом гунигтайхан сажилсаар ууттай гурил дээр гарч, ам дүүрэн үмхээд тухлан хэвтэв. Гээд хэвтэхдээ эмгийнх нь ярьж өгдөг байсан аварга том, нисдэг жоомны тухай үлгэрийг саналаа. “Пөөх, тийм болох юмсан. Ёстой догь! Өнөөдөр замд таарсан муусайн хорхойнуудыг хуу айлгахсан. Ядахад олуулаа явсан бол зам зуурынхан надаар тохуурхах байсан уу? Үгүй л байхгүй юу! Би энд гав ганцаараа сууж байдаг? Ер нь гэртээ буцаж очоод ах дүү нараа энд авчиръя байз! Бүгдийг нь авчиръя! Эхлээд гүв гүнзгий нүх малтацгаана.
Шуудайтай гурилаас ахиухан зөөгөөд ханаа зузаалах юм шүү. Ха-ха-ха. Хэзээ ч дээрээс утлага буухгүй. Ямар гоё вэ! гэж ойр зуураа ярин гурилын хүүдийнээс тэсгэлгүй гулсан бууж шүүгээний завсраар болгоомжтойхон шагайгаад сууцныхаа эзний байнга барьж явдаг уутны ёроолд орж хэвтлээ. Маргааш өглөө нь аянчин жоом орон гэртээ тун төвөггүйхэн шиг морилон иржээ.
Тэгтэл төрж өссөн гэрт нь хэн ч байсангүй. Шинэ төрлийн утлаганы сулавтар үнэр хамрыг нь сэрвэгнүүлэхэд хэдэнтээ найтаагаад доош явлаа. Өөрсдийнхнөө удтал хайсны эцэст бүүр доороос олов. Утлаганаас болоод барайчихсан хэдэн юм бөөндөө байцгааж байх ажээ. Хэдийгээр тэд цөөхүүлээ болсон байвч Пааг хараад огтхон ч баярласангүй. Паагийн хувьд явсан аян, зорьсон хэргийнхээ тухай бушуухан шиг дуулгамаар байсан ч жоомнуудын нэг л дүнсгэр байдлыг хараад сэтгэл хөдлөлөө хүчээр дарахаас өөр яах билээ. Залуу жоом яриагаа эхлэх боломжтой үеийг хүлээхээр шийдсэн байна. Тэгсээр нэгэн өдөр дуусахад хөгшин жоом булт олноо өөр дээрээ дуудан цуглуулав. Тэрээр бяцхан өндөрлөгт гаран: -Нөхөд өө! Хүмүүс сууцнаасаа явцгаасан нь тодорхой боллоо.
Өчигдрөөс хойш хэн ч энд ирсэнгүй. Утлаганы үнэр ч нэлээд суларчээ. Ингээд бид энэ цаг мөчөөс эхлээд дээш гарцгаах нь байна. Дээш гарна гэдэг зүгээр зугаалахын нэр биш, та минь. Шинэ орон гэрээ төвхнүүлэхийн тулд байнгын эрэл хайгуул хийх хэрэгтэй! Манайхны зарим овсгоотой ах дүүс биднээс урьдаж хамаг сайхан үүрийг эзэмшээд байгаа нь нууц биш. Тэгэхээр зальт этгээдүүдийг залхаах цаг ирсэн. Шинэ тусгаар тогтнолын төлөө урагшаа! гэхэд жоомнууд “Уухай, уухай” хэмээн хашхиралдав.
Хөгшин жоом хөлөө дэвсэн чимээг намжаагаад:
-Зоригт ах дүүс ээ! Хамгийн тохиромжтой нүх сүв хаа буйг мэдээлэх хэн нэгэн байна уу? Гараад ир! гэлээ.
Паа догдолсондоо золтой л ухаан алдчихсангүй. Сэтгэл зүрхэндээ тээж ирсэн үгийг бусдад хүргэхээр урагш зүтгэжээ. Нэг л мэдэхэд хөгшин ахлагчийнхаа дэргэд ирчихсэн яриагаа эхлэв.
-Ахан дүүс ээ! Хүмүүс өөр газар луу хогшлоо ачаад нүүцгээсэн нь үнэн. Би шүүгээнд нуугдаж байсны ачаар хол явчхаад өчигдөр ирлээ. Ганцаараа явсан юм биш ээ. Надтай хамт арваад ахан дүүс маань байсан. Гэтэл аюул болж өндрөөс шүүгээ унаж бид агаарт шидэгдэн унахад нөхөд үрэгдсэн. Азаар амьд үлдсэн миний бие ихээхэн адал явдалтай учирч, байгальд нүдээ тайллаа. Бидний ижил хорхой шавж цөмөөрөө задгай газрыг эзэгнэнхэн байдаг бөгөөд ямар ч утлаганы үнэр мэдэхгүй амар тайван амьдарч байна. Цөмөөрөө тийшээ явцгаая. Яаж эндээс явахыг би мэднэ. Тэр сайхан газар зохицон амьдрах нөөц бололцоо бидэнд... гээд үгээ дуусгаагүй байтал Паагийн бөгс рүү хэн нэгэн хүчтэй дэлсээд авав. Эргээд хартал яг ар талд нь хөгшин жоом байдгаараа хилэгнэчихсэн зогсож байв.
Пааг чимээгүй болмогц хөгшин жоом урд хоёр мөчөө чичигнүүлэн:
-Нөхөд минь! Үр ач нар минь! Энэ жоом солиорчээ! Саяхны хүчтэй утлага үүний ар нуруун дээр асгарснаас зайлахгүй гэж тэнхээгээрээ гүтгэхэд олон бүгд дэмжин:
-Паа галзуурчээ. Паа галзуурчээ. Сэтгэл мэдрэлийн өвчтэй болсон байна гэхчлэн ам амандаа хашхиралдлаа.
Зүйрлэшгүй их шуугиан дунд Паа:
-Би солиороогүй. Энэ бол нээлт! Харанхуй нүхэнд хаалга гаргасан шинэ нээлт! Жоомнуудад хоргүй амьдрах цоо шинэ эрин авчирч байна. Дуулж байна уу? Намайг сонсооч! гэж хэчнээн бахиравч үгийг нь эс сонсов.
Хөгшин жоом уурсан дороо гурав эргэлдээд:
-Орон гэрээс минь холдуулахаар хорон санаа өвөрлөсөн энэхүү жоомны үгийг бүү сонс! Босго давмагц биднийг ямаршуухан орчин угтах нь ойлгомжтой. Төрөл нэгтнээ устгахаар зорьсон үүнийг даруй шийтгэвэл зохилтой гэлээ. Тэгтэл жоомнууд маш хурдан цэрэглэн жагсаж, Пааг бүслэв. Энэ бүслэлт гээч чухам юу болох, эцэстээ юугаар төгсдөгийг Паа сайтар мэднэ. Ийм ажиллагаанд тэр нэг бус удаа оролцож байжээ. Явж явж жоомнуудын хамгийн зохион байгуулалттай явагддаг энэ балай ажиллагаа өөр дээр нь ийм амархан ирчихсэн гэж үү? Жоомнууд Пааг хайр найргүй хазаж цохисоор байгаад ухаан алдуулжээ. Хэсэг хугацааны дараа түүнийг ухаан ороход жоомон тойрог тараагүй байв.
Амьдаар нь хатааж алдаг эл тойрогт золгүй Паа өөрийгөө хий зүхэн тийчилж хоёр тэмтрүүлээ үгтээн зулгаана. Амьд байхдаа туялзуур хоёроо арай л тасалчихаж зүрхэлдэггүй нь бүхий л шавжанд байх ганц чанар юм даа. Паа нэгэнтээ өндийн, өөр лүү нь доогтойгоор харан мушилзах жоомон тойрогт хандав.
-Ах дүү нар аа! Тэнэг намайг өршөө! Та нар намайг суллавал би хэзээ ч дахин ирэхгүйгээр яваад өгнө. Та нартаа гай тарихгүйн тулд гадаах хаалгыг дөнгөж онгоймогц зугтъя гэж гуйлаа. Энэ бол ганц Паагийн ч биш, тойрогт үхлээ хүлээн хэвтэх бүхий л жоомны сүүлчийн ганц хүсэлт байдаг ажгуу. Гэхдээ ингэж гуйсан болгоныг гадагш тавиад байдаггүйг Паа мэднэ. Цөөхөн удаа тэрхүү аз сорьсон тоглоомонд зарим жоомыг шидэх нь бий. Жоомнууд хүний хөлтэй тулалддаг энэ тоглоомыг бусад жоомнууд шимтэн үзэх дуртай билээ.
Манааны тойргоос ээлж солигдсон гурван жоом ялтны хүслийг хөгшин жоомонд дуулгахаар явсан бөгөөд удалгүй ахлагч өөрийн биеэр хүрэлцэн ирж “Эрх чөлөөний баярыг тохиолдуулан ах дүү нартаа нэг ч гэсэн цэнгүүн үзүүлчихэж болох л юм” хэмээн өршөөнгүй өнгөөр хэллээ. Энэхүү шийдвэрийн дараагаар хоёр хоногийн турш хүнд хөлийн чимээ орж ирэхийг хүлээн жоомнууд баяртаа бэлтгэв. Шалны хүрээ модны ард аятайхан байрлал олж авахаар бөөн дараалал үүсгэж, хоорондоо муудалцах энүүхэнд.
Ингээд Паагийн эцсийн хүч шавхагдаж дуусахын даваан дээр ашгүй гадаах үүд онгойн, хүмүүний хөлний чимээ хавь орчмыг доргиов. Жоомнууд бөөн хөл хөөрцөг болцгооход хөгшин жоом тэргүүтэй хэдэн зааварлагч жоом Паа дээр сүүлчийн удаа ирж, ямар ч тохиолдолд өөрсдийхөн рүүгээ буцаж гүйж болохгүйг сануулаад явцгаалаа. Түүний дараахан хүмүүний хөл ирэхэд харуулууд ялтныг урагш хүчтэй түлхэв. Паа ч хөлнөөс бултан жирийлээ. Яг босгоны дэргэд очмогц асар хүчтэй падхийх дуу хадав! Цэнгэгчид, “Болж!”, “Ганц сайхан” хэмээн хорсолтойгоор хашхиралдаж, харин Паа бултаж амжжээ. Бултахдаа зүгээр ч үгүй хөл рүү асар хурдтай авираад зандалчны өмдний шуумгаас зууран дэнжигнэв.
Жоомнуудын “-Тавиач!”, “-Шударга бус байна” гэх хашхирааны чанга гэж тоймгүй. Тэдний эл шаардлагыг Хүн сонсов бололтой, зүрх нь хагарах дөхсөн Пааг эрж олоод өмдөө сэгсэрч унагалаа. Цэнгүүн үзүүлэгч босго чиглэн дахин хурдлав. Тэгэхтэй зэрэгцэн зугтагчийн дээрээс сүүдэр нөмөрч падхийх дуу хоёр дахь удаагаа гарахад нийтээр “уухай” хэмээн хашхирч, харин золгүй Паа шалны нарийхан завсарт амь зулбан үлдээд амьсгаагаа даран хэсэг зогсох зуур энд тэндээс:
-Бүү хулчий! Хөдлөөч, муу өмхий ялтан! гэх хорон үгс сонсдоно. Энэ бол цэнгүүнд улайрагчдын хор малталт гэдгийг Паа мэднэ. Ийм үг сонссон ямар ч жоом яахаас ч буцахаа больж, ихэнхдээ шаахайны ул руу өөрөө гүйгээд орчихдог гэм бий. Паа тэгсэнгүй ээ. Шалны нарийхан завсраас гуйван гарч ирээд тас гэдэргэ харан хэвтлээ.
Яг л үхсэн мэт ойчив. Хөл түүнийг гишгэлгүй өнгөрөхдөө шүүр, тосгуур авчран гадагш гаргаж хаяхаар авч явлаа. Цэнгүүн өндөрлөхөд жоомнууд бөөн ярих юмтай болдог хойно доо.
-Тэр яагаад гэнэт үхчихэв?
-Үхээгүй байх. Жүжиглэсэн биз.
-Үхсэн л байгаасай!
-Тэр задгай газар, байгаль гэдэг нь тийм сайхан юм болов уу?
-Чиш. чимээгүй, үүнийг сонсвол хөгшин жоомны хилэн бадрана шүү гэж хөөрөлджээ.