Засгийн газрын тогтоолоор Дорнод аймаг дахь “Чойбалсан”, Ховдын “Ховд”, Хөвсгөлийн “Мөрөн”, Өмнөговийн “Гурван сайхан” нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлж, олон улсын стандартад нийцсэн, 4С ангиллынх болгох төслийн концессын зураг төслийг боловсруулсан. Тэгвэл өнгөрсөн баасан гарагт ЗТХЯ, ИНЕГ хамтран төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд дээрх нисэх буудлуудын ашиглалтыг сайжруулах, өргөжүүлэх зорилгоор концессын сонгон шалгаруулалтыг зарлан, дэлгэрэнгүй танилцуулга хийн, мэдээлэл өгчээ. Концессын сонгон шалгаруулалтад оролцох сонирхолтой хувийн хэвшлийнхэнтэй хийсэн уулзалтын үеэр ЗТХЯ-наас зам, тээврийн салбарын ажлууд нь хөрөнгө оруулалт ихээхэн шаарддаг. Тиймээс төрд дарамт багатай, хувийн хэвшлээ дэмжин оролцуулах бодлого баримталж буйгаа илэрхийлжээ. ИНЕГ-аас мэдээлснээр эхний ээлжид концессын сонгон шалгаруулалт зарласан дээрх дөрвөн нисэх буудлыг худалдаа, тээвэр ложистик, аялал жуулчлалын чиглэлээр бүс нутагтаа олон улсын зангилаа төв болгон хөгжүүлэх бүрэн боломжтой аж.