УИХ-ын болон Ерөнхийлөгчийн Тамгын газар (ЕТГ)-ын дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан З.Энхболд, УИХ-ын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Шинэхүү даргалж, шүүгч М.Солонгоо, Э.Чингис нар өнгөрсөн даваа гаргаас эхлэн гурван өдөр хэлэлцээд өчигдөр тогтоолоо гаргалаа. Ингэхдээ З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноохоор шийдвэрлэв. Улмаар өчигдрөөс эхлэн Б.Энх-Амгаланг цагдан хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэв.
Уг нь эл хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцээд тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд хурал эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэгбүрчлэн тусгахаар зохицуулсан атал тэмдэглэл, дуу-дүрсний бичлэг зөрүүтэй байхаас гадна хэргийн оролцогчдоос шүүх хуралдааны тэмдэглэлд засвар оруулахаар гаргасан хүсэлтийг шийдвэрлэхдээ журам зөрчсөн, шүүх хуралдааны тэмдэглэлийн огнооноос өөр огноотой тэмдэглэлд засвар оруулсан. Түүнчлэн, шүүх хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг шийтгэх тогтоолд тодорхой тусгахаар хуульчилсан байхад энэ талаар дүгнэлт хийгээгүй гэх зэрэг зөрчилтэй байсан” хэмээн үзсэн юм. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ.
Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийнхүү дахин хэлэлцэн шийдвэрлэж буй нь энэ.
ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. “Нүүрсний” гэх хэргийн хүрээнд төрийн өндөр албан тушаалтан энэ хоёр хүнийг АТГ-т шалгаж яллагдагчаар татсан байдаг. Тодруулбал, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн коксжих нүүрсний ордоос Говьсүмбэр аймагт байрлах баяжуулах үйлдвэр рүү нүүрс тээвэрлэдэг дээрх аж ахуйн нэгжид давуу байдал олгуулсан хэмээн буруутгасан юм.