Хан-Уул дүүргийн XV хорооны нутаг дахь орон сууцын хотхонд амьдарч байсан иргэн А-ийн амийг 2015 оны тавдугаар сарын 21-22-нд шилжих шөнө захиалгаар хөнөөлгөсөн хэрэгт холбогдсон Ё.Баттөгсийн гэм буруутай, эсэхийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүхэд уржигдар хэлэлцэн шийдвэрлэлээ. Засгийн газрын “Шувуу” ажиллагааны хүрээнд Олон улсын эрүүгийн цагдаагийн байгууллага буюу Интерполд хандан Ё.Баттөгсийг эрэн сурвалжилж, Австрали улсад байгааг нь тогтоон 2025 оны дөрөвдүгээр сарын 30-нд шилжүүлэн авсныг бид цаг тухайд нь мэдээлж байсан. Ё.Баттөгсийн захиалгаар Э.Анхбаяр гэх эр иргэн А-ийг орцонд хутгалж хөнөөсөн нь тогтоогдож, хаалттай хорих байгууллагад 19 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн байдаг. Мөрдөн байцаалтын явцад буюу хэрэг үйлдсэнээ¬сээ хойш 2-3 хоногийн дараа Э.Анхбаяр Сэлэнгэ аймаг дахь “Алтанбулаг” хилийн боомтоор ОХУ руу зугтаж, улмаар Манжуурт хүрсэн бөгөөд тухайн үед БНХАУ-ын талтай хамтран ажиллаж баривчлуулж, 2017 онд эх орондоо шилжүүлэн авч байсан гэдэг. Удаа дараа ял шийтгүүлж асан тэрбээр шүүх хурлын үеэр “Миний хувьд Ё.Баттөгсийг байнгын дарамтад байлгах, амьдрах эх үүсвэрийнхээ мөнгө төгрөгийг хангуулах зорилгоор л энэ гэмт хэргийг шунахайн сэдлээр үйлдсэн. Хэрэг үйлдэх болсон гол шалтгаан нь А-ийг айлгаж, түүний хувь нийлүүлсэн компанийн бичиг баримтыг авч Ё.Баттөгсөд өгөх зорилготой байсан” хэмээн мэдүүлсэн байдаг. Шүүхээс “Ё.Баттөгстэй хохирогчийн талаар ярилцан тохиролцож, түүний гэрийг заалгаж, ажиглаж, улмаар түүнийг гэр лүүгээ орох гэж байхад нь довтолж хөнөөсөн” гэм буруутай гэж дүгнэн дээрх ялыг 2018 онд оноосон юм.
Тэгвэл Э.Анхбаярт захиалга өгсөн Ё.Баттөгс 2016 онд хил давж зугтсаныг Австралиас шилжүүлэн аваад нэг жил орчим мөрдөн шалгах ажиллагаа явуулж, НПГ-т яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн аж. Шүүхээс түүнийг захиалгаар өөртөө эдийн засгийн ашигтай байдал бий болгох зорилгоор, бүлэглэж хүний амь хөнөөсөн хэрэгт захиалагч, зохион байгуулагчаар оролцсон гэм буруутайд тооцож, хаалттай хорих байгууллагад 20 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.