Шатахууны бөөний болон жижиглэнгийн худалдаа, архины үйлдвэр, газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг М Ти Эс ХХК-ийн захирал, эцсийн өмчлөгч П.Бат-Эрдэнийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэллээ. Бидэнд олдсон мэдээллээр өнөөгийн Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, хуучнаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны эрх бүхий албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль зөрчин бусдад давуу байдал үүсгэн тусгай хамгаалалттай бүсэд газар олгосон хэрэгт хамтран оролцсон байж болзошгүй хэмээн түүнд хэрэг нээсэн аж.
Богд хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын бүс буюу Их, Бага тэнгэрийн амны дунд Бөөгийн модтой энгэрийн ар хормойд М Ти Эс ХХК-ийнхан ямар ч зөвшөөрөлгүйгээр барилгын ажил явуулж, 4-5 давхар хоёр объект барьж буй юм. Үүнтэй холбогдуулан дээрх яам болон М Ти Эс ХХК-ийн захирал П.Бат-Эрдэнийг шалгаж эхэлсэн гэнэ. Уг нь Төрийн тусгай хамгаалалтын тухай хууль, түүнийг дагалдуулан баталсан Засгийн газрын 2012 оны 65 дугаар тогтоолоор баталсан Төрийн тусгай хамгаалалтад зайлшгүй байх шаардлагатай зүйлийн жагсаалтын 20 дугаарт Их тэнгэрийн ам, 24 дүгээрт тус амны гүүрийг байнга байхаар тусгасан.
Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11.7-д “Аялагч, зөвшөөрөл бүхий бусад хүн түр буудаллах, отоглох, ажиглалт, судалгаа шинжилгээ хийх зориулалттай орон байр барих, ашиглах”-ыг зөвшөөрдөг. Ийм байхад Их, Бага тэнгэрийн амны дунд зоорийн давхар бүхий 5-6 давхар барилга барих газрыг дээрх яамны эрх мэдэлтнүүдтэй хуйвалдан авсан байж болзошгүй гэсэн хардлага хүмүүсийн дунд бий. Тиймээс АТГ-ынхан нарийвчлан шалгаж буй бололтой.