Калеб Хайнер хэмээх аялагч манай улсын нутагт зорчиж явахдаа унадаг дугуйгаа хулгайд алдаад нэг өдрийн дараа олж авчээ. Тэрбээр хөл дүүжлэх унаагаа алдаж, явгарсан талаараа “Ийм зүйл бичиж байгаадаа итгэхгүй нь. Би Монголын баруун хэсэгт зорчиж яваад нэгэн аймгийн төвд дугуй, бичиг баримт гээд бүх зүйлээ хулгайлуулчихлаа” хэмээн энэ сарын 25-нд фэйсбүүк хуудсандаа нийтэлж, тусламж хүссэн байна. Харин маргааш нь орон нутгийн цагдаа нарын шуурхай ажиллагааны үр дүнд аяллын “анд”-аа олсон хэмээн мэдээлэл оруулжээ. Тэрбээр Хятадаас Пакистан хүртэлх дугуйтай аяллаа энэ сарын 4-нд эхлүүлсэн бол үүнээс долоо хоногийн дараа манай улсад иржээ. Аяллынхаа 22 дахь өдрөө Хөвсгөл аймагт зорчиж яваад ийн бүтэлгүйтсэн ч орон нутгийн иргэд болон цагдаагийн байгууллагынхны тусламжтайгаар хулгайд алдсан зүйлсээ олж авсан аж.
Ж.Сувд