Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компанийнхан парк шинэчлэлийнхээ хүрээнд “Өгөөдэй хаан” нэртэй “Boeing 737 MAX 8” загварын шинэ хөлгөө АНУ-ын Сиэтл хотноо хүлээн авлаа. Тууз хайчлах ёслолд МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Т.Тэлмэн тэргүүтэй иргэний нисэхийн салбарын төлөөлөгчдөөс гадна “Боинг” компанийн Арилжааны агаарын хөлгийн нэгжийн Зүүн хойд Ази хариуцсан дэд ерөнхийлөгч Жефф Эдвардс оролцсон бөгөөд талууд энэ үеэр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан байна. Мөн Монгол, АНУ хооронд шууд нислэг үйлдэх бэлтгэл ажлуудыг үе шаттай хангаж, 2028 оноос хэрэгжүүлж эхлэх төлөвлөжээ.
“Өгөөдэй хаан” агаарын хөлөг нь нислэгийн сүлжээг өргөжүүлэх, зорчигчдын тав тухыг хангах, түлш хэмнэх зэрэг эдийн засгийн өндөр үр өгөөжтэй аж. Тодруулбал, өмнөх онгоцнуудтай харьцуулахад LEAP-1B хөдөлгүүртэй тул түлш зарцуулалт, нүүрсхүчлийн хийн ялгарал тус бүр 20, дуу чимээний нөлөөллийн талбай 50 хувиар бага гэнэ. Мөн дэвшилтэт далавчийн үзүүр нь агаарын эсэргүүцлийг бууруулж, нислэгийн үр ашгийг нэмэх давуу талтайг албаныхан онцолсон. Ойрын болон дунд зайн нислэгт илүү тохиромжтой тул Бээжин, Сөүл, Токио болон Тайланд чиглэлд аялалд гаргахаар төлөвлөжээ. “Боинг” компанийн олон улсын борлуулалт, маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгч Брэд МакМаллен “Бүс нутгийн хэмжээнд агаарын тээврийн эрэлт, хэрэгцээ өсөн нэмэгдэж буй энэ үед МИАТ зорчигч тээврийн хүчин чадлаа ийн нэмэгдүүлсэн нь маш зөв алхам” хэмээжээ.
О.Оргилох