“Гацуурт” ХХК-ийг үүсгэн байгуулагч, Хөдөлмөрийн баатар Л.Чинбат энэ оны есдүгээр сарын 1-ний 20.00 цагийн үед Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт, зам дагуу идээшилж явсан адуу дайрсан билээ. Тэрбээр “Тоёота Ландкруйзер-300” загварын автомашинаараа иргэн Т.Тогтохбаярын долоон адууг дайрснаас тав нь газар дээрээ үрэгдэж, нэг нь хөлгүй болсон тул заазлахаас өөр аргагүй болсноор хохирол нь зургаагаар тогтоогдсон аж.
Тэгвэл энэ хэргийг шалгасан Сэлэнгэ аймгийн цагдаагийн ажилтнууд Л.Чинбатын үйлдсэн эл осол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй байсан гэж үзжээ. Тиймээс эрх бүхий албан тушаалтан буюу замын цагдаагийн байцаагчийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7- 51 дэх хэсгийн “Жолооч замын хөдөлгөөний дүрэм зөрчиж бусдын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэх заалтын дагуу 100 000 төгрөгөөр торгосон байна. Энэ талаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газрынхнаас лавлахад Л.Чинбат нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутагт зам, тээврийн осол гаргаж, адуу дайрсан бөгөөд хэрэг үүсгэн шалгах явцад прокуророос гэмт хэргийн шинжгүй, зөрчлийн шинжтэй үйлдэл гэж дүгнэж, эрх бүхий албан тушаалтан түүнийг торгож хэргийг шийдвэрлэсэн” гэлээ.
Цагдаагийн байгууллагынхны мэдээлснээр Л.Чинбат хохирол төлбөрөө хараахан барагдуулаагүй гэнэ.