Үндэсний оператор түншлэл (ҮОТ)-ийн бүрэлдэхүүнд багтах хөрөнгө оруулалттай зургаан байгууллагын ажилтан, албан хаагчдын дунд “Спортын наадам-2026” тэмцээнийг гурав дахь удаагаа зохион байгуулж буй.
Тус наадмын сагсан бөмбөг, волейбол, шатар, ширээний теннис, дартс, шагайн харвааны тэмцээнээр гишүүн байгууллагуудын ажилтан, албан хаагчдын дунд спортын идэвх, хамтын ажиллагаа, нөхөрсөг өрсөлдөөнийг өрнүүлэх зорилготой юм. Шатрын тэмцээнийг “ABChess академи” болон “Платинум ланд” ХХК хамтран эрэгтэй, эмэгтэйчүүдийн ангиллаар зохион байгуулна. Спортын зургаан төрөлд оролцох байгууллагуудын эрэгтэй, эмэгтэй тус бүр 12 оролцогч шатрын (рапид) тэмцээнд А, В хэсэгт хуваагдан тойргийн системээр өрсөлдөх юм. Хэсэг бүрээс шилдэг хоёр оролцогч шалгарч, хасагдах шатны тоглолтоос медалийн эзэд тодорно. Шатартай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад, Олон улсын шатрын холбооны Тамирчдын зөвлөлийн 2026-2028 оны бүрэлдэхүүнийг баталлаа. Үүнд, их мастер Левон Аронян, Ханс Моке Ниманн, Ирина Круш (АНУ), Максим Вашье-Лаграв (Франц), олон улсын мастер Б. Мөнгөнтуул (Монгол), Омар Ноаман (АНЭУ), Тран Тхань Ту (Япон) нар багтсан байна.