Баянзүрх дүүргийн нутагт хүүхдүүд нийлж нэгэн иргэний амийг хөнөөсөн хэрэг гарлаа. Энэ сарын 25-ны 12.40 цагийн үед нас барсан хүн байна гэх мэдээлэл цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд ирсний дагуу харьяалах нутаг дэвсгэр болох Баянзүрх дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн хэргийн газарт очиж шалгалт хийжээ. 32 настай иргэн Б бусдад зодуулж, биед нь үүссэн олон тооны шархны улмаас нас барсан байж. Тус хэлтсийн алба хаагчид эрэн сурвалжлах ажиллагааг шуурхай зохион байгуулснаар гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг богино хугацаанд олж тогтоон баривчилжээ. Уг хэргийг 14 настай Э, 15 настай Н, 17 настай Ч нар бүлэглэн үйлдсэн гэж үзэн мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн бөгөөд хохирогчийг архины шил шидэж, зодсон нь тодорхой болж буй гэнэ.