Богд хааны ордон музейнхэн түүх, соёлын өвийг хойч үеийнхэндээ сурталчлан таниулах зорилгоор “Хааны ордны хавар-2025” арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний хүрээнд өчигдөр “Бичиг утгын гэгээ” үзэсгэлэнг олны хүртээл болгосон юм. Эл үзэсгэлэнд VIII Богд Жавзандамба хутагтын эдэлж, хэрэглэж байсан тамга тэмдэг, зарлиг болон бичгийн хэрэгсэл зэрэг 30 орчим үзмэрийг дэлгэлээ. Тухайлбал, Богд хааны захидлын хайрцаг тэргүүтэй Монголын шашин, соёлын дурсгалт ховор нандин өвүүдийг нийтэд толилуулав. Мөн Үндэсний номын сангийн монгол модон бар, гар бичмэлийн фондод хадгалж байсан Богд хааны гар бичмэл болон судар, номуудыг ч энд дэлгэснээрээ онцлогтой аж. Энэ арга хэмжээний хүрээнд тус музейнхэн “Шар торгон өргөмжлөл”, “Хүслийн таван эрдэм” зэрэг боловсролын хөтөлбөр болон веган хоолны өдөрлөгийг маргааш зохион байгуулах юм. Ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжлэх эл арга хэмжээ нь өндөр настан, тусгай хэрэгцээт иргэн, 0-16 насны хүүхдүүдэд үнэ төлбөргүй бол оюутан, залуус хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой аж.
У.Цэцэг