Боловсролын үнэлгээний төвийн захирал Г.Гантуяа “Элсэлтийн шалгалт-2025”- ын математикийн хичээлийн нээлттэй даалгавруудыг нийтэллээ. Энэ удаагийн элсэлтийн шалгалтыг эдгээр 1000 даалгавраас сонгон авна. Нээлттэй даалгавраас блюпринтийн дагуу шууд сонгож буй нь анхны тохиолдол бөгөөд эдгээр бодлогыг бодсон байхад сурагчид математикт шаардлагатай мэдлэг, чадвараа олж авах боломж бүрэн нээгдэнэ” хэмээн энэ сарын 7-нд мэдээлсэн юм. Ингээд Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудсанд 1000 бодлогыг хэсэгчлэн байршуулж эхэлсэн. Эл шийдвэр нь математикийн багш, судлаач нарыг талцуулсан юм. Өөрөөр хэлбэл, тоо бодож чаддаг нь биш, цээжилсэн хүүхэд илүү өндөр оноо авах нь гэж эсэргүүцэж байхад зарим нь математик суурьгүй сурагч бэлэн даалгавар тавиад ч ойлгохгүй, хариуг нь автоматаар цээжилнэ гэж байхгүй гэцгээж байв. Гэтэл нээлттэй байршуулсан, математикийн 1000 даалгавраас элсэлтийн шалгалтад оруулахгүй, зөвхөн даалгаврын өгөгдлийг ижил түвшинд өөрчлөхөөр болсныг Боловсролын үнэлгээний төвөөс өчигдөр мэдэгдэв. Тодруулбал, мянган бодлогыг хүүхдүүд цээжлэх бөгөөд энэ нь тэдний сэтгэн бодох чадварыг сулруулна хэмээх саналыг багш, эрдэмтэн судлаач нараас гаргасан учир тус төвийнхөн үүнийг хүлээн авч, элсэлтийн шалгалтын ар¬гачлалд тусгахаар болсон гэнэ. Элсэлтийн шалгалт эхлэхэд 20-иод хоног дутуу байхад энэ мэт эргэж буцсан шийдвэр гаргасанд бухимдах хүн цөөнгүй байна.
Ч.Туяа