“Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх зэрэг хүйсэд суурилсан, алаглаж, ялгаварласан үйл ажиллагааг төрийн болон төрийн бус зарим байгууллага хамтран зохион байгуулж буй талаар Жендерийн үндэсний хороонд гомдол, мэдээлэл ирсэн байна. Үүний дагуу тус байгууллагаас 2019 онд гаргасан дүгнэлтийг 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн Засаг дарга, Жендерийн салбар хорооны дарга нарт дахин хүргүүлсэн аж. Өөрөөр хэлбэл, “Дархан бэр”, “Уран бэр” өргөмжлөх арга хэмжээг Үндсэн хууль, Жендерийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Олон улсын гэрээ конвенцод заасан хүний эрхийг зөрчсөн үйлдэл гэж үздэг. Иймд энэ төрлийн арга хэмжээг төрийн байгууллага зохион байгуулах, биечлэн болон төлөөлөн оролцох, төвсийн санхүүжилтийг бүрэн, хэсэгчлэн зарцуулах зэргээр аливаа байдлаар санаачлах, хамтрах, дэмжихээс татгалзахыг Жендерийн үндэсний хорооноос уриалж буй юм.
Жендерийн үндэсний шинжээчийн дүгнэлтэд Баянгол дүүргийн Гэр бүл, ёслолын ордон гурав ба түүнээс дээш хүү төрүүлсэн ээжүүдийг “Дархан бэр”-ээр алдаршуулах ёслол хийж байсан. Монголын гэр бүлийн академиас “Дархан бэр” медаль гаргасан. Интернэтээс хайхад “Дархан бэр” хэмээх фэйсбүүк хуудас, дархан бэрийн тухай дуу зэрэг олон арга хэмжээ зохион байгуулсан талаар дурджээ. Мөн “Дархан бэр” өргөмжлөл нь 68-500 мянган төгрөгийн үнэтэй. Энэ нь цаашлаад “Уран бэр”-д өргөмжлөх арга хэмжээгээр хүрээгээ тэлсэн юм. Эдгээр нь хүүхдийг хүйсээр нь ялгаварлахын зэрэгцээ эмэгтэйчүүдийг ямар хүйсийн хүүхэд төрүүлснээс хамаатуулан гадуурхсан агуулгатай гэж дүгнэлтэд онцолсон байна. Энэ мэт арга хэмжээг хориглох талаар 2019 онд Жендерийн үндэсний хороо¬ноос Засгийн газарт зөвлөмж хүргэсэн ч одоо хэр нь зохион байгуулсаар байгаа аж. Иймд жендерийн үндэсний шинжээчийн дүгнэлтийг холбогдох газруудад хүргүүлэхээс гадна төрийн байгууллагын удирдах албан тушаалтан, ажилтнуудыг цахим сургалтад хамруулах, энэ талаарх тайлан, мэдээллээ ирэх сарын 15-ны дотор тус хорооны ажлын албанд ирүүлэхийг зөвлөжээ.
Ч.Болор