БНХАУ-ын Шандон мужийн Вэйфан хотод байрладаг “Юдао” химийн үйлдвэр уржигдар дэлбэрч, таван хүн нас барж, зургаан ажилтан сураггүй алга болжээ. Мөн 20 гаруй иргэн хүнд гэмтсэн байна. Ослын шалтгааныг тогтоохоор холбогдох албаныхан өдгөө ажиллаж буй гэнэ. Дэлбэрэлтийн үеэр их хэмжээний саарал болон улбар шар өнгөтэй утаа суунаглаж, үйлдвэрийн ойролцоох барилга байшингийн цонх, шилэн хана хагарчээ. Мөн үйлдвэрээс холгүй амьдардаг оршин суугчдад дэлбэрэлт болох үед газар хөдөлж байгаа юм шиг чичирхийлэл мэдрэгдсэн аж. 2019 онд байгуулсан эл үйлдвэр нь 300 гаруй ажилтантай бөгөөд жилд дунджаар 11 мянган тонн пестицид буюу хөдөө аж ахуйн салбарт түгээмэл ашигладаг шавжийн хор, эмийн болон химийн завсрын бүтээгдэхүүн үйлдвэрлэж, худалддаг юм байна.
Э.Цэцэгсүрэн