Баянгол дүүргийн 24 дүгээр хорооны нутаг, “Алтай” хотхоны ард талд нийслэл өмчдөө авсан газарт тулгаад орон сууцын барилгын суурийн цутгалт хийж эхэллээ. Уг нь Баянгол дүүргийн сонгогчдын итгэлийг хүлээж хоёронтоо төр түшилцэж буй УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Алтай” хотхоны оршин суугчдын эрх ашгийн төлөө дуугарч байсныг сонгогчид нь мартаагүй.
Тус хотхон 11 000 гаруй оршин суугчтай гэсэн статистик бий. Гэвч тус хороонд ул¬сын сургууль үгүй. Харин нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар уг асуудлыг шийдвэрлэх үүднээс “Алтай” хотхоны хойд талд 8000 ам метр талбайг сургууль, цэцэрлэгийн зориулалтаар ашиглахаар эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй нь зөвшилцөн нийслэлийн өмчид шилжүүлэн авсан байдаг. Тус хорооны иргэд 2023 оны зургаадугаар сард жагсаж тэмцэн, гарын үсэг цуглуулж хотын удирдлагад хандсанаар ийнхүү сургууль, цэцэрлэгийн барилга барих газартай болсон юм. Гэвч “Тайгам-Алтай” ХХК-ийн хамаарал бүхий “Грийтголд” компаниас уг 8000 ам метр газрыг нийслэл өмчдөө бүтнээр нь аваагүй гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байна. Тиймээс тус компанийнхан сургууль барих газарт тулган өнгөрсөн долоо хо¬ногийн сүүлчээс эхлэн орон сууцын барилгын суурь цутгаж эхэллээ.
Албан бус эх сурвалжууд, “Алтай” хотхоны оршин суугчдаас авсан мэдээллээр “Тайгам Алтай” ХХК-ийнхан зохих зөвшөөрлөө гүйцэд авалгүйгээр барилгын ажлаа эхлүүлсэн аж. Тиймээс нийслэлийн Хяналт шалгалтын газраас энэ сарын 23 буюу өнгөрсөн баасан гарагт “Тайгам-Алтай”-н хамаарал бүхий “Грийтголд” ХХКийнханд шаардлага хүргүүлсэн байна. Уг шаардлагад “Иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг хангуулах, хотын өнгө үзэмжийг сайжруулж, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомж, норм дүрэм, хотын стандартыг мөрдүүлэх үүднээс дараах үүрэг даалгаврыг өгч, дор заасан хугацаанд зохих арга хэмжээг авч хэрэгжүүлэх тухай шаардах хуудас өгөв. Хол¬богдох баримт бичгийг шалгуулах, барилга угсралтын ажлыг зогсоох, эрчим хүчний хамгаалалтын зөрчилд тайлбар өгөх ёстой” гэсэн аж. Гэвч эл албан шаардлагыг үл ойшоож тавдугаар сарын 23-наас хойш барилга угсралтын ажлаа амралтын өдрүүдэд ч үргэлжлүүлсээр байсныг “Алтай” хотхоны оршин суугчид бидэнд хэллээ.
ХОТ БАЙГУУЛАЛТЫН ТУХАЙ ХУУЛЬ ЗӨРЧИГДӨХӨД ХҮРЭХ НЬ, Ч.ТӨГСДЭЛГЭР АРХИТЕКТОР ОО!
Нийслэлийн Хяналт шалгалтын газрын улсын байцаагч Н.Ёндонсамбуугийн гарын үсэгтэй шаардах хуудаст холбогдох бичиг баримтаа шалгуулахыг дурдсан. Гэвч “Грийтголд” ХХК-ийнхан барилгын ажил эхлэх зөвшөөрөлгүйгээр, нөхөж авна гэсэн байдлаар ажлаа эхлүүлсэн гэдгийг албаны хүмүүс тодотгосон юм. Үүнийх нь дагуу тус компанид зөрчлийн хэрэг нээн шалгаад хуульд заасны дагуу таван сая төгрөгөөр торгоод өнгөрч буй бололтой. Албан бус эх сурвалжуудын мэдээлж буйгаар дээрх компанид барилгын ажил эхлүүлэх архитектур төлөвлөлтийн даалгаврыг урилга заллагаар ажил авсан Улаанбаатар хотын ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр баталчихсан гэх. Хотын дарга нь хүүхдийн сурч боловсрох эрхийг хүндэтгэж, сургуулийн барилга барихаар газрыг нь төрийн мэдэлд авч байдаг. Гэтэл тэр сургуулийнх нь аюулгүй орчныг хангахуйц зураг төсөл боловсруулж, батлан барилга бариулах зөвшөөрөл олгох ёстой ерөнхий архитектор гэгч нь хууль зөрчигдөж болзошгүй байхад үл ойшоож буй нь хачирхалтай. Магадгүй танил тал, ар өврийн хаалга, хээл хахууль ч үүний ард байж болзошгүй гэсэн хардлага төрүүлж байна
“Тайгам-Алтай” ХХК-ийн үүсгэн байгуулагчийн хамаарал бүхий хүний нэр дээр бүртгэлтэй “Грийтголд” компанийн барьж эхэлсэн 16 давхар орон сууцыг эртхэн зогсоохгүй бол алдарт “Авлига” хорооллын барилга шиг Улсын комисс ашиглалтад хүлээж авахгүй байж ч мэднэ. Учир юу гэвэл тус компанийнхан хууль зөрчсөн. Тодруулбал, Хот байгуулалтын тухай хуулийн 12.8-д “Барилга байгууламжийн зураг төсөл нь хот, тосгоны батлагдсан ерөнхий төлөвлөгөө, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний шийдлүүд, олгогдсон газрын хэмжээ, зориулалттай уялдсан байх бөгөөд барилгажих талбай нь тухайн газрын 60 хувиас илүүгүй буюу төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн болон барилга барих зориулалтаар олгосон газрын нийт талбайн 20-иос доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, 20-иос доошгүй хувь нь авто зогсоол байна” гэж заасан. Хэрэв зөвшөөрөлгүйгээр суурийн ажлыг нь хийж буй барилга ашиглалтад орвол цэцэрлэг, но¬гоон байгууламж бараг л үгүй, автомашины зогсоол ч байхгүй орон сууц босох магадлал өндөр байгаа юм. Өдгөө “Алтай” хотхоны автомашины зогсоол ямар байдаг билээ, өдөр, шөнөгүй л хотхон дотроо түгжирдэг шүү дээ. Тэгээд дэргэд нь сургуулийн барилга барьж ашиглалтад оруулбал авто замынх нь ачаалал дийлдэхээ больж, иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрх нэн ихээр зөрчигдөхөд хүрнэ. Мөн Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэмд сургууль, орон сууцын хоорондын зай 300-500 метр байхаар тусгадаг. Энэ норм, дүрмийг баримталбал өгүүлэн буй орон сууц яагаад ч байж болохгүй гэсэн үг. Гэтэл “Грийтголд” ком¬панийнхан энэ барьж буй орон сууцдаа захиалга авч эхэлсэн гэх мэдээлэл бий.
Уг нь Ерөнхий боловсролын сургуулийн барилгын төлөвлөлтийн дүрэмд “Сургуулийн эдэлбэр газар нь 1.5 м-ээс багагүй өндөртэй ногоон байгууламж эсвэл хашаагаар хүрээ¬лэгдсэн байна. Эдэлбэр газрын талбайн 50 хувиас багагүй талбай нь ногоон байгууламж байна. Эдэлбэр газрын талбайг дотор нь биеийн тамирын, аж ахуйн ба амралтын гэсэн гурван үндсэн бүсэд ангилна” гэж заасан. Тэгвэл “Грийтголд” ХХК-ийнхан орон сууц барьснаар энэ дүрмийн заалт шинээр баригдах сургуулийн орчинд яагаад ч мөрдөгдөхгүй гэсэн үг. Ийм байхад урилга, заллагаар томилогдсон хотын ерөнхий ар-хитектор гэх Ч.Төгсдэлгэр нь юу ч болоогүй юм шиг сууж байгаа нь хачирхалтай.
ЭРЧИМ ХҮЧНИЙ ШУГАМД ДАХИАД АЮУЛ УЧРУУЛАХ НЬ
“Грийтголд” ХХК-ийнханд нийслэлийн Хяналт шалгалтын газраас өгсөн албан шаардлагад “эрчим хүчний хамгаалалтын зөрчилд тайлбар өгөх ёстой” хэмээн тусгасныг эхэнд өгүүлсэн. Учир нь тус компанийнхан эрчим хүчний буюу инженерийн дэд бүтцийн шугамд тулгаад шахам барилгын сууриа цутгаад эхэлчихсэн байгаа юм. Уг нь эрчим хүчний шугам сүлжээнээс барилга барих зай тодорхой хэмжээтэй байх ёстой. Тодруулбал, Засгийн газрын 2020 оны 97 дугаар тогтоолын гурав дугаар хавсралтаар эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрмийг баталсан. Түүнд тусгахдаа а/500 мм хүртэл голчтой дулааны шугамаас тал бүр тийш таван метр байхаар тогтоосон юм. “Грийтголд” ХХК-ийн барьж буй орон сууцын суурийн давхар нь зүүн талаараа эрчим хүчний шугамтай бараг наалдчихжээ. Дулааны шугам сүлжээ хариуцсан мэргэжлийн байгууллагуудын ажилтнуудаас энэ талаар тодруулахад “Хот тосгоны төлөвлөлт барилгажилтын норм ба дүрэм БНбД 30-01-04-т ч, Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэмд ч барилга байгууламжийн суурь нь ус дамжуулах хоолой, дулааны шугам сүлжээний гадна хананаас таван метр зайтай байх ёстой” хэмээсэн юм. Тэгвэл дээрх компанийн орон сууцын барилгын суурийн давхар 220 мм-ийн диаметртэй дулааны хос шугамаас 1.7-1.9, зарим хэсэгтээ 3.4 метр зайтай л байгаа аж. Үүнээс үзэхэд “Грийтголд” ХХК-ийнхан Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй хууль, дүрэм, журмыг үл ойшоож байна гэхэд хилсдэхгүй нь. Хууль, дүрэм зөрчсөн энэ үйлдэлд нь хариуцлага тооцох, стандарт хэмжээг мөрдүүлэх ёстой хэмээн Хан-Уул дүүргийн Прокурорын газраас үзэж, шаардлагатай арга хэмжээ авхуулахаар хяналт шалгалтаа үргэлжлүүлж буй гэнэ. Өөрөөр хэлбэл, эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах үүднээс дор хаяж таван метр зайг нь бариулж, барилгын суурийг дахин цутгуулах ёстой гэсэн шаардлага тавьж байгаа аж.
Хэрэв уг дүрмийг мөрдүүлэхгүй бол өмнөх алдаа нь давтагдаж болзошгүй. “Грийтголд”-ын гүйцэтгэх захирлын аавынх нь нэр дээр бүртгэлтэй “Тайгам-Алтай” ХХК-ийнхан барилгын суурь цутгаж байгаад дулааны үндсэн шугамыг 15 метр газарт нурааж байсан юм. Тодруулбал, “Алтай” хотхонд барьж буй 640 хүүхдийн багтаамжтай сургуулийн халаалт, цэвэр усны шугамууд, лоткийг нь угсарч дөнгөж дуусаад байтал дээрх компанийнхан нураачихсан. 2024 оны аравдугаар сарын 24-ний үдэш уг явдал болсон бөгөөд “Тайгам-Алтай”-нханд шаардлага тавиад байхад үл ойшоож, ажлаа үргэлжлүүлж байхдаа ийнхүү 15 метр газарт инженерийн шугам сүлжээг гэмтээсэн юм.
Өмнөх ийм гашуун сургамж байгаа учраас хууль хяналтын байгууллагынхан “Грийтголд”- ын барьж буй орон сууцын барилгыг эрчим хүчний шугам сүлжээний хамгаалалтын дүрмийн дагуу тодорхой зай хэмжээг нь баримталж засуулах ёстой гэж үзэж буй аж. Бид “ТайгамАлтай”, “Грийтголд” ХХК-ийнхны хууль, дүрэм зөрчсөн үйлдлүүдийг хууль хяналтын байгууллага хэрхэн шийдвэрлэж байгаа талаар цаг тухайд нь эргэн мэдээлэх болно.