Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн таван сумд гарсан ой, хээрийн долоон түймрийн нөхцөл байдлын талаар Онцгой байдлын ерөнхий газраас өчигдөр мэдээлэл өглөө. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг, Буурлын даваа гэдэг газарт энэ сарын 26-нд, Булганы Сэлэнгэ сумын Баруун голын даваанд өнгөрсөн мягмар гарагт гарсан ой, хээрийн түймрийг цурамд оруулж, өдгөө бүрэн унтраахаар ажиллаж буйгаа дээрх байгууллагынхан мэдээлсэн юм. Харин бусад таван түймрийг цурамд оруулахаар ажиллаж буй гэнэ. Дөрвөн аймгийн таван сумд гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар онцгой байдлын байгууллагын болон орон нутгийн мэргэжлийн анги, тусгай хамгаалалттай газрын 439 хүн, 42 автомашин, 17 морьтой ажиллаж байна. Ташрамд дурдахад, ойрын өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар дуу цахилгаантай аадар бороо, нойтон цас орж, салхи зүүнээс баруун тийш секундэд 8-13, зарим үед 18-20 метрт хүрч ширүүсэн, шороогоор шуурах аж. Салхины хурд секундэд 18 метрээс давахад цаг агаарын аюулт үзэгдэлд тооцдог. Иймд хол, ойрын замд гарахдаа цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрд нь авч, баталгаат зам, гүүрээр зорчихыг дээрх байгууллагаас анхааруулсан юм.
У.Сүрэн