Өнгөрсөн ням гарагт Украинд оросууд агаараас цохилт өгч 12 хүний амь хохироосны дараа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Оросын Ерөнхийлөгч Путинийг нэлээд ширүүн шүүмжлэв. “Путиний хийж буй үйлдэлд миний сэтгэл нэн дундуур байна. Тэр олон хүн алж байна, түүнд юу тохиолдсоныг мэдэхгүй юм. Би түүнийг мэдэх болоод удлаа, түүнтэй ямагт сайн харилцаатай байсан, гэтэл тэр Украины хотууд руу пуужин харваж хүмүүсийн амь хохироож буй нь санаанд нийцэхгүй байна” гэж сэтгүүлчидтэй уулзахдаа хэлжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд “Тэр галзуурчээ дээ, зөвхөн цэргүүдийн тухайд ярихад л Путин олон хүн аллаа. Оросын пуужин, нисгэгчгүй төхөөрөмжүүд Украины хотуудыг ямар ч шалтгаангүй харваж байна. Тэр Украины газар нутгийн нэг хэсгийг авах гэвэл Орос улсаа сүйрэлд хүргэнэ” гэж бичжээ. Энэ бол энэ сарын 19-нд Орос, АНУ-ын Ерөнхийлөгчид гурав дахь удаагаа утсаар ярьснаас хойш Путинд хандаж Трампын хэлсэн анхны шүүмжлэл юм. Үүний хариу болгож Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков “Ерөнхийлөгч Путин улсынхаа аюулгүй байдлыг хангахад шаардагдах арга хэмжээг л авч буй” гэж хэлжээ. Путинийг хэлэлцээр хийхийг хүсэхгүй, дайныг үргэлжлүүлэх эрмэлзэлтэй хэмээн Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский шүүмжилдэг. Тэгвэл Трамп түүнийг ч бас шүүмжилж буй. “Түүний (Зеленскийн) хэлсэн үг бүр нь асуудал үүсгэдэг. Одоогийн энэ дайн бол Зеленский, Путин, Байден гурвынх, Трампынх биш. Би харин ч их галыг унтраахад нь туслахыг хичээж байна” гэж Трамп бичсэн аж.
“Economist” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд Орос нэг хоногт үйлдвэрлэдэг дроны тоогоо нэмэгдүүлж байна гэж Украины тагнуулын мэдээнд үндэслэн бичжээ. Украины нисэх хүчний шинжээч Константин Криволапын үзэж буйгаар Украин руу довтлоход зориулж Оросын үйлдвэрлэж буй дрон, пуужингийн тоо бүх дээд үзүүлэлтээс давсан аж.
Түүнээс гадна Киев зэрэг сайтар хамгаалагдсан хотуудад цохилт өгөхийн тулд Оросын цэргийнхэн 2022 оноос хэрэглэж эхэлсэн “Шахед” дроны сайжруулсан загварыг ашиглаж байгаа юм байна. Ийм нэг дрон л Киевт цохилт өгөхдөө худалдааны төвийн байранд их том нүх гаргаж, цонхнуудынх нь шил 300 метр хол үсэрсэн байжээ.
Тавдугаар сарын гуравны өдөр Украины эсрэг Орос 996 дрон болон пуужингаар довтолсон нь хэдэн жилийн өмнө эхэлсэн дайны туршид дээд үзүүлэлт юм. Саяны ням гаргийн шөнө украинчууд Оросын харвасан 367 пуужин, дроны 311-ийг нь устгаж, 56 нь л байндаа хүрсэн байна. Устгахад ихээхэн төвөгтэй баллистик пуужингийн эсрэг украинчууд Америкт үйлдвэрлэсэн “ЗРК Patriot” ашиглаж буй гэнэ.
Дайсагнагч талууд биенийхээ довтолгооны хэрэгслийг байнга судалдаг юм байна. “Economist” сэтгүүлд бичсэнээс үзвэл Оросын дроныг судалж буй украинчууд өөрсдөд нь таалалтай ханддаг этгээдээс нэгэн бичиг хүлээж авчээ. Түүнд бичсэнээр бол нисгэгчгүй төхөөрөмжийг залах шинэ технологийг оросууд ашиглаж байгаа юм байна. Тэгснээр уг төхөөрөмжийг харваснаас хойш замд нь өөрчлөлт оруулж, байнд чиглүүлэх боломжтой болжээ. Сэтгүүлийн өгүүлэлд бичсэнээр нисгэгчгүй төхөөрөмжийн навигацын системд хиймэл оюуныг бас ашиглаж байгаа гэнэ. Оросын устгагдсан дронуудыг Украины инженерүүд судлаад үүнийг илрүүлжээ. Өгүүлэлд тодорхой, дэлгэрэнгүй бичээгүй ч навигацын ийм системд байрлуулсан оптик (харааны) төхөөрөмж орон зайг бичиж авч, дүрсэд шинжилгээ хийгээд, авсан мэдээллийг хиймэл оюун боловсруулаад дроныг чухам хааш нь чиглүүлэх шийдвэрийг гаргадаг байна. Навигацын ийм системийг зарим далавчит пуужинд ашигладаг аж.
Оросын саяны довтолгооны дараахнаас дэлхий дахины анхаарлыг нэг зүйл татсан нь холын тусгалтай “Taurus” далавчит пуужинг Украинд нийлүүлэхийг хязгаарласан шийдвэрээ Герман цуцлахад бэлэн тухайгаа зарласан гэх мэдээлэл юм. Энэ цэц сайтай пуужин Орост байгаа болон Орос өөрийн болгосон Крымд байрлалтай, стратегийн ач холбогдолтой цэргийн объектуудыг устгаж чадах аж. Украинд холын тусгалтай зэвсэг нийлүүлэхэд тавьсан хязгаарлалтаа Британи, Франц, Герман, АНУ цуцалсан гэж энэ сарын 26-нд ХБНГУ-ын Канцлер Фридрих Мерц мэдэгджээ. Энэ нь Киев өөрийгөө хамгаалахын зэрэгцээ Оросын цэргийн объектууд руу довтлох боломжтой болно гэсэн үг юм. Киевт үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэх, холын тусгалтай далавчит пуужингууд өгөхийг Мерц урьд нь нэг бус удаа уриалж байжээ. Ийн уриалахдаа АНУ, Британийн “Storm shadow”, Франц SCАLP-аа Киевт нэгэнт нийлүүлснийг дурдаж байв.
“Taurus”-ыг Украинд нийлүүлэхийг Мерцийн өмнөх Олаф Шольцын Засгийн газар хориглож байж. Энэ пуужин ашиглаж буй цэргийн ангиасаа хамаарч олон зориулалттай болдог юм байна. Түүний тусах зай 500 гаруй километр. 30 метр хүртэлх нам өндөрт ч харваж болно. 5.1 метр урт, 1.08 метр өргөн, 0.8 метр өндөр, далавчны урт нь 2.06 метр. Цэнэглэсэн үедээ 1360 килограмм жинтэй. Германы нисэх хүчин 600 “Taurus”-тай, Испанид 43-ыг өгсөн, БНСУын Батлан хамгаалах яамны захиалгаар бас тэднийд нийлүүлсэн аж. Нэг бүр нь 950 мянган еврогийн үнэтэй.
Англи-Францын 560 километр хол тусдаг “Storm Shadow/SCALP-EG” далавчит пуужинг Украин урьд нь нэг бус удаа ашигласан. Америкийн 300 километрт тусах ATACMS-ийг ч өнгөрсөн намраас хэрэглэж байгаа.
“La Monde” сонинд бичсэнээс үзвэл Франц, Италиас Украинд нийлүүлсэн 3RK SMAP/T пуужингийн нөөц дуусжээ. Түүгээр ч барахгүй Америкийн “3PK Patriot”, Германы “Irist-T”-ч байхгүй болж буй гэнэ. Түүнээс гадна Оросын “Искандер”-т Америкийн “Patriot” саад хийж чадахгүй байгаа тул бид Оросын пуужингуудыг харж суух боллоо хэмээн украинчууд гомдоллох болж. “Daily Mails” сонинд бичсэнээр Капустин Яраас Берлин хүрэхэд 11-12 минут зарцуулах “Орешик” пуужингаа оросууд харуулснаас хойш германчууд энэ сэдвээр ярихаас татгалзах болсон байна
Германчуудын “гайхуулаад” байгаа “Taurus” хоёр цэнэгтэй, эхнийх нь гол байндаа хүрэх замд тээглэсэн саадыг устгаж, хоёр дахь нь цэнэгээ идэвхжүүлдэг. Дараа нь хоёр дахь дэлбэрэлт болно. Москва хэрэв галаа зогсоохгүй бол Киевт Берлин ийм зэвсэг өгөх болно хэмээн Путинд Мерц заналхийлж байгаа байх нь. Одоогоор Герман албан ёсоор ийм шийдвэр хараахан гаргаагүй. Тэгэхдээ Өрнөдийн хэвлэлүүдэд бичиж буйгаар бол уг зэвсгийг Украинд өгсөн гэх мэдээллийг Германы одоогийн Засгийн газар нууцлахаар төлөвлөж буй бололтой. Тиймээс “Taurus” өдийд Киевт оччихсон байхыг үгүйсгэх аргагүй. Британи Францын пуужин Брянск-Курск, Белогород, Америкийнх Тула, Калугад хүрч байхад “Taurus” онолын хувьд Москвад хүрчихсэн байх магадлалтай гэж байгаа...
Р.Жаргалант