Эрчим хүчний зохицуулах хороо (ЭХЗХ)- ноос 2024 оны арваннэгдүгээр сард цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг үйлдвэрлэлийн бодит өртөгт нь хүргэхээр шинэчилсэн. Энэ нь эрчим хүчний алдагдлыг бууруулах, салбарын ашигт ажиллагаанд чухал нөлөөтэй бодлогын томоохон шийдвэр байсан тухай ЭХЗХ-ны дарга Э.Түвшинчулуун ярилаа. Эл шинэчлэлийг хийснээс хойш хагас жилийн хугацаанд нүүрсний уурхай, төмөр замын тээврийн алдагдлыг тэглэж чадсан бөгөөд эрчим хүчний компаниудын хувьд ч мөн эерэг үр дүн гарсан гэнэ. Санхүүгийн алдагдал харьцангуй буурч байгаагаас гадна үнэ тарифын шинэчлэлээр гарсан өөр нэг эерэг үр дүн бол хэрэглэгчид цахилгаан эрчим хүчээ хэмнэж эхэлсэн явдал гэнэ. Хэрэглэгчид эрчим хүчний замбараагүй хэрэглээгээ хязгаарлаж, байр, сууцаа дулаалахад анхаарах болжээ. Тус хорооноос 2024 онд нийт 129.3 мянган хэрэглэгчид ухаалаг тоолуур суурилуулснаар эрчим хүчний алдагдлыг бууруулж, 12.7 тэрбум төгрөг хэмнэсэн байна. Мөн тусгай зөвшөөрлүүдийн нөхцөл, шаардлагад ДЦС-уудын дотоод хэрэгцээний цахилгаан, жишмэл түлшний хувийн зарцуулалт, цахилгаан дамжуулалт, түгээлтийн алдагдлын хувь хэмжээг бууруулж, хэмнэлт гаргах талаар зохих шаардлагыг тусгаж хэрэгжилтийг дэмжиж ажилласнаар өнгөрсөн жил нийт 9.1 тэрбум төгрөг хэмнэжээ.
Г.Сансар