Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, олимпын мөнгө, дэлхийн аваргын хүрэл медальт, даяар дурсагдах дархан аварга Ж.Мөнхбатын дурсгалд зориулсан хөшөөг Төв цэнгэлдэх хүрээлэнгийн гадна талбайд өчигдөр сүндэрлүүллээ. Түүний хүү, мэргэжлийн сүмогийн их аварга Хакүхо М.Даваажаргал энэхүү үйл ажиллагааг нээх үеэрээ “Аварга аавынхаа хөшөөг ард түмэндээ дэлгэлээ” хэмээн нулимс дуслуулан хэлсэн юм. Тэрбээр аавынхаа мөнхөд тамгалан үлдээсэн бахархал, үлгэрлэл дүүрэн амьдрал, ааг омог, зан төрхийг гэрэлт хөшөөнд ийнхүү мөнхлөн сүндэрлүүлж, бөхөд хайртай хэн бүхэн их аваргын өлмийнөөс адис хүртэн бэлгэшээх боломжтой болгов. Ж.Мөнхбат аварга нь Мехикогийн 1968 оны олимпын наадмаас чөлөөт бөхөөр мөнгө, Шинэ Делигийн 1967 оны ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, монгол бөхийн түүхэнд шинэ хуудас нээсэн эрхэм гавьяатан юм. Тэрбээр чөлөөт бөхийн тамирчдаас хамгийн түрүүнд олимп, дэлхийн аваргын медалийг эх орондоо авчирсан нэгэн. Мөн ардын төрийнхөө их баяр цэнгэл наадам болон Цагаан сарын барилдаанд тус бүр зургаан удаа түрүүлсэн домогт хүчтэн билээ. Дархан аварга Ж.Мөнхбат агсны цээж баримлыг өмнө нь 2023 онд түүний төрсөн нутаг Төв аймгийн Эрдэнэсант сумд босгосон байдаг. Харин өнөө жил түүний хөшөөг уран барималч Ж.Түмэнчулуун урлаж, Төв цэнгэлдэх хүрээлэнд сүндэрлүүлсэн нь энэ юм.
У.Цэцэг