Сэтгүүлчийн аюулгүй байдлыг хуулиар хэрхэн хамгаалах талаар салбарынхан хэлэлцлээ. Тодруулбал, “Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөөх үндэсний сүлжээ”-нээс мэдээлэлтэй байх эрхийг таниулах, хамгаалах, хэвлэлийн эрх чөлөөний эрх зүйн асуудлуудыг хөндөх зорилгоор цуврал хэлэлцүүлэг зохион байгуулж буй. Үүний хүрээнд сэтгүүлчтэй холбоотой шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэг маргаанд үндэслэн эх сурвалжаа хамгаалах эрх, сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаанд тулгамдаж буй бусад эрх зүйн асуудлыг тодорхойлон, шийдвэрлэх арга замыг эрэлхийлсэн юм.
Уг хэлэлцүүлэгт хуульч, өмгөөлөгч, сэтгүүлч, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл бүхий 30 гаруй хүн оролцов. Манай улсад сэтгүүлчдийг хамгаалах эрх зүйн орчин таатай биш, эрэн сурвалжлах сэтгүүл зүйгээр дагнан ажиллахад хууль, тогтоомжоор хориглосон, хязгаарласан агуулга бүхий зохицуулалт их байна. Түүнчлэн сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлснийхээ төлөө хүний нэр төр, алдар хүндэд халдсан, эдийн бус хохирол учруулсан, худал мэдээлэл тараасан зэрэг үндэслэлээр хуулийн байгууллагад шалгуулах нь түгээмэл байгаа талаар оролцогчид дурдлаа.
Эргэлт.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Э.Хүрэлбаатар “Сэтгүүлчийн үйл ажиллагаатай холбоотой асуудлыг Эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь буруу. Ихэнх хэрэг прокурор, шүүхийн шатанд хэрэгсэхгүй болж байгаа. Шалгагдах явцдаа залхах, дарамт шахалтад өртөх нь түгээмэл. Худал мэдээлэл тараах хэрэгт Эрүүгийн ял оноож буйг больж, мэдээллийн эх сурвалжаа хамгаалах эрхийг баталгаатай хангавал хэвлэлийн эрх чөлөөний төлөв байдал сайжрах боломжтой” гэв.
Харин хуульчид “Ийм төрлийн маргаан багагүй гарч байгаа нь үндсэн эрхийг хязгаарлах үндэслэл, журмыг тодорхой тусгаж хуульчлаагүй, хуулийг өөрөөр тайлбарлаж, хэрэглэж буйтай холбоотой. Эрүүгийн хуулийн “Худал мэдээлэл тараах” зохицуулалт үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хязгаарлахад ашиглагдах нь түгээмэл байна” гэлээ. Өмгөөлөгч, судлаач Б.Энхцэцэг “Өнгөрсөн онд сэтгүүлчтэй холбоотой эрүү, иргэний хэрэг маргааны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийсэн. Эрүүгийн 10 хэрэгт 14 этгээдийг хохирогчоор тогтоосны ес нь өндөр албан тушаалтай хүмүүс. Эл 10 хэрэгт 12 сэтгүүлчийг холбогдуулан шалгасны 11-ийг гэм буруутайд тооцож, наймд нь ял оноож, хоёр нь Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан бол нэг сэтгүүлчид холбогдох хэргийг шүүхийн шатанд хэрэгсэхгүй болгосон. Харин иргэний 10 хэрэгт нэхэмжлэл гаргагчдын зургаа нь төрийн албан тушаалтан байна. Гурван хэргийн нэхэмжлэгчээс эдийн бус гэм хорын хохиролд нийт хоёр тэрбум орчим төгрөг шаардсанаас шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон” гэсэн юм.
Д.Хүслэн