Эрдэнийн монгол хүний мөн чанарын илэр¬¬хийлэл болсон номуудыг АНУ-ын Конгрессын номын санд заллаа. Ингэснээр Монголын уран зохиолын үнэ цэн, өв соёлыг олон улсад хүлээн зөвшөөрч, дэлхийн уншигчдад монгол хэл, соёл, гүн ухааныг сурталчлан таниулахад их хувь нэмэр оруулах чухал алхам болж буйг салбарынхан нь онцолж байна. Хүүрнэл зохиолын нэрт төлөөлөгч, сэтгэл зүйн өгүүллэгийн гарамгай мастер хэмээн алдаршсан С.Эрдэнэ нь хүний амьдралын мөн чанарыг уран бүтээлдээ чадамгай задлан шинжилдэг зохиолч юм. Монголын шинэ үеийн уран зохиолын богино өгүүллэгийн мастер тэрбээр “Амьдралын тойрог”, “Баянбүрд”, “Занабазар”, “Малын хөлийн тоос”, “Наран тогоруу”, “Хойд насандаа учирна” зэрэг дахин давтагдашгүй, сор болсон бүтээлээ хэвлүүлж, уншигчдын хүртээл болгосон байдаг. Дэлхийн хамгийн томд тооцогдох, АНУын Конгрессын номын санд 470 гаруй хэлээрх бүтээлийг хадгалдаг аж. Эл номын сан нь АНУ-ын хууль тогтоох байгууллага болох Конгрессын гишүүдэд судалгааны дэмжлэг үзүүлэх зорилгоор эхэлсэн ч өнөө үед дэлхийн шинжлэх ухаан, соёл, урлагийн үнэт өвийг хадгалсан судалгааны төв болон өргөжсөн байна. Монгол хэлээрх ховор, орчин үеийн ном, бүтээлүүдийг тус номын сан Азийн уншлагын танхимдаа байршуулдаг аж.
У.Цэцэг