Туркийн өмнөд хэсэгт орших Мармарис хотод энэ сарын 3-4-нд шилжих шөнийн 02.00 цагт газар 5.8 магнитудын хүчтэй хөдөлсөн тухай тус улсын эрх баригчид мэдээллээ. Үүний улмаас 14 настай нэг охин амиа алдаж, 70 гаруй хүн хөнгөн болон хүндэвтэр гэмтсэн байна. Туркийн Гамшиг, онцгой байдлын газраас мэдээлснээр барилга, дэд бүтцэд томоохон эвдрэл, хохирол учраагүй ч хүчтэй чичиргээ, гэнэтийн дуу чимээнээс айж цочсон иргэд цонх, тагтнаас үсрэх, яаравчлан гарах үедээ гэмтжээ. Амиа алдсан охин газар хөдлөлтийн улмаас сэтгэл зүйн гүн цочролд орж, эмнэлэгт хүргэгдсэн ч удалгүй амьсгал хураасан байна. Газар хөдлөлт Грек улсын Родос арал болон хөрш зэргэлдээ бусад бүс нутагт ч мэдрэгдсэн аж. Родос арлын онцгой байдлын албаныхан нутгийн оршин суугчид, жуулчдыг нүүлгэн шилжүүлэх үедээ бага зэрэг хохирол амссан талаар мэдэгдэв. Сүүлийн жилүүдэд Туркт газар хөдлөлтийн давтамж эрс нэмэгдсэн бөгөөд тус улс энэ төрлийн гамшгийн хамгийн идэвхтэй бүсүүдийн нэгт тооцогддог. Энэ бүс нутаг газар хөдлөлтийн хэд хэдэн том хагарлын уулзварт байрладаг нь эрсдэлийг нэмэгдүүлж байгааг албаныхан дурджээ. Тухайлбал, 2023 оны хоёрдугаар сард болсон 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас 53 мянга гаруй хүн амиа алдаж, олон барилга, байгууламж нурсан нь түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан томоохон гамшгийн нэг байв. Тэгвэл энэ он гарсаар тус улсад газар хоёр дахь удаагаа хүчтэй хөдөлсөн нь энэ юм.
Ц.Цэнд-Аюуш