Фронт дээрх фашистын Германы байдал 1944 он болоход ер нь сүйрэл рүүгээ тун ойртчихсон, нацистууд дайнд ялагдах нь нэгэнт тодорхой болчихсон байлаа. Ийм нөхцөлд бий болсон байдлаас улс орноо авч гарах арга олох талаар Гуравдугаар Рейхийн удирдагчдын толгойд хамгийн санаанд багтамгүй хачирхалтай бодол орж ирж байв. Гадаад хэргийн сайд, СС-ийн обергруппенфюрер (дэслэгч генерал) Иоахим фон Риббентроп нэгэн төлөвлөгөө зохиож, тэрбээр Сталиныг өөрийн гараар устгахаар шийдсэн байна.
Риббонтроп Рейнийн Пруссийн Везел гэдэг хотод офицерийн гэрт төрсөн юмсанж. Уг офицер хүүхдүүдээ ихээхэн хатуу чанд хүмүүжүүлдэг нэгэн байж. Риббентроп 1910 онд ахтайгаа Канадад шилжин очиж Умард Америкт герман дарс нийлүүлдэг бизнес эрхлэх болсон байна.
Дэлхийн I дайн эхэлмэгц Риббентроп Германдаа буцаж ирээд сүрьеэ өвчний улмаас бөөрөө тайруулснаа эмч нараас нууж байж сайн дураар фронтод явжээ. Сайн байлдаж төмөр загалмай одонгоор шагнуулав. Дайн дууссаны дараа арилжаа наймаа хийж Берлин хотод франц дарс, ликёр зардаг фирм байгуулав. Энэ ажлыг эрхэлж байхдаа дарс үйлдвэрлэдэг томоохон компани болох “Henkel and Co”-ийн эзэн Отто Хенкелтэй танилцаж, улмаар 1920 онд түүний охин Анна Элизабеттай гэрлэж, “Henkel and Co” компанийн Берлин дэх төлөөлөгч нь болжээ. Хадам эцгийнхээ буянаар Риббентроп дарсны үйлдвэрлэл, арилжаа эрхэлдэг баячуудын хүрээлэлд орж, үйлдвэр нь Германдаа томоохонд тооцогдох болсон байна.
Үзэл санаа, дадал зуршлаараа Риббентроп ердийн л хөрөнгөлөг нэгэн хэдий ч “жинхэнэ язгууртан” болохыг чин сэтгэлээсээ хүсдэг байлаа. 1925 онд түүнийг хэдийнэ нас биерд хүрсэн эр болчихоод байхад нь Риббентропынхны удмын хүн болох, холын садан Гертруда гэх эмэгтэй үрчилж авчээ. Үүний эцэст Риббентроп түшмэд язгууртны “фон” гэх угтвар нэрийг овгийнхоо өмнө бичих болсноор барахгүй, өрх гэрийн сүлдийг нь ч ашиглах эрхтэй болов гэнэ.
Фронтод хамт тулалдаж явсан нэг нөхөр нь түүнийг 1930 онд Гитлертэй танилцуулснаар Риббентроп нацист намд мөнгөн дэмжлэг үзүү¬ лэх болжээ. 1932 оны тавдугаар сарын 1-нд тус намын гишүүн болж, цаг хугацаа өнгөрөх тусам нацист үзэл суртлын үнэнч зүтгэлтэн болон хувирч байлаа.
Риббентроп 1939 оны найм, есдүгээр сард Москва хотноо Сталинтай хоёр удаа уулзсан нь уг үйл явдлын үр дүн болж гарсан зарим баримт бичгийн нь дээд өнцөг дээр “нууц” хэмээн бич¬ сэн Зөвлөлт-Германы хэлэлцээрийн үед тохиосон аж. Үүнээс бараг таван жилийн дараа 1944 онд Рейхийн Гадаад хэргийн сайд маань Сталиныг өөрийн гараар алахаар шийдсэн байна.
Риббентроп өөрийн төлөвлөгөөг герман хүний ёсоор машид няхуур нямбай, ёстой л долоо хэмжиж, нэг огтолж боловсруулаад замд нь тохиолдож болох бүх хувилбарыг нарийн нягт судалжээ. Сталиныг өргөөнд нь устгаж чадахгүйгээ тэр мэдэж байснаас түүнийг олон улсын ямар нэг бага хурал мэтэд аргалж аваачаад амийг нь хороох ажлаа тэнд л гүйцэлдүүлэхээр төлөвлөсөн байлаа. Ийм төлөвлөгөө хийчихээд түүнийгээ фюрертэй хуваалцахаар яарав¬ чилжээ. Сайдынхаа зохиосон төлөвлөгөөг Гитлер сайшаасанд уг санааг Борман, Гиммлер нар ч дэмжсэн байна. Үүний дараа Рейхийн улс төрийн тагнуулын албаны удирдагч Вальтер Шелленбергийг Риббентроп өөр дээрээ дуудав.
Энэхүү Вальтер Шелленбергийн дүрийг Оросын нэрт жүжигчин Олег Табаков кинонд гайхамшигтай бүтээсэн байдаг. Гадаад аятайхан өнгө төрхий нь цаана өөрийн зорилгодоо хүрэхийн тулд ер юуны ч өмнө зогсдоггүй, хорон муу санаатай, харгис хатуу, өөдгүй, увайгүй хүн нуугдаж байсан аж. Хариуцсан үйл хэрэгтээ асар туршлагатай энэ хүн хүртэл Гадаад хэргийн сайдын зохиосон төлөвлөгөөг эсэргүүцэж чадсангүй. Тэрбээр дурсамждаа ийн бичсэн байдаг аж. “Фюрертэй хоёулхнаа ярилцахдаа Германы тусын тулд өөрийгөө золиослоход би бэлэн.
Сталины оролцох бага хурлыг зохион байгуулна. Уг бага хурал дээр би түүнийг алах ёстой гэж хэлсэн. Гэхдээ би ганцаараа юу гэж асуутал Риббентроп над руу огцом эргэж “Үүнийг ганц хүн хийж чадахгүй гэж фюрер хэлсэн. Тэгээд туслах хүнийг нэрлэхийг хүссэн” гээд Риббентроп над руу нүд цавчилгүй хараад “Би таныг нэрлэсэн” гэж нэмж хэлэв. Энэ агшинд миний царай ямар болсон байсныг би мэдэхгүй, гэхдээ ухаантай л харагдаагүй болов уу”.
Бага хурлын үед харуул хамгаалалт айхтар чанга байх, тиймээс тийш нь зэвсэг оруулах нь тун төвөгтэйг Риббентроп сайн мэдэх тул гадаад байдлаараа авто үзэгнээс юугаараа ч огт ялгарахгүй гар бууг Шелленбергийн техникийн бүлгээр бэлтгүүлсэн байв. Ийм буугаар том калибрын сумаар 6-7 метрийн зайнаас буудаж болох байв. Уг бууг хэн ч зэвсэг гэж оноохын аргагүй чадварлаг нууцалж хийсэн байлаа.
Сталиныг бага хурлын ажиллагаанд оролцохыг зөвшөөрүүлсэн байхыг Риббентропт санал болгоод, үлдсэнийг нь Шелленберг гүйцээхээр тохирчээ. Риббентроп, Шелленбергийг өөр юугаар ч сандаргаж тэвдүүлсэнгүй. Харин Улаан армийн дивизүүд Германы хамгаалалтыг сэт, зад цохиж өрнө зүг тогтоох аргагүй давшиж явсан 1944 онд Риббентроп, Сталин хоёрыг уулзуулах санаа огт бүтэхгүй зүйл байлаа.
Риббентропын төлөвлөгөө анир чимээгүй “амьсгал хурааж”, удалгүй Нюрнбергийн шүүх хурал нацист Германы Гадаад хэргийн сайдад цаазаар авах ял өгсөн билээ.
Р.Жаргалант