Бурхан багшийн их дүйчин өдөр өнөөдөр тохионо. Үүний хүрээнд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийд болон бусад сүм, бурхны шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагынхан хамтран тахил өргөх ёслол зохион байгуулах юм байна. Мөн Д.Сүхбаатарын талбайд нийтийн бясалгал, айлдвар, урлаг, соёлын үйл ажиллагаа болон хүндэтгэлийн жагсаал ч зохион байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр нь үнэ төлбөргүй учраас хүссэн хүн бүр оролцож болох нь. Сонирхуулахад, дүйчин гэдэг нь бурхны бодь хутгийг олж, нирваан дүрийг үзүүлсэн өдөр аж. Бурхан багшийн их дүйчин өдрийг монголчууд эртнээс тэмдэглэж ирсэн уламжлалтай. Энэ уламжлал хэсэг хугацаанд тасарсан ч 1990 оноос эл өдрийг энэрэл нигүүслийг дэгжээх, эрдэм мэдлэгийг эрхэмлэх, ёс заншил, өв соёлоо өвлүүлэх зорилгоор тэмдэглэн иржээ. Бурхны шашинтай Азийн зарим оронд энэ өдөр архи дарс худалдахгүй, зугаа цэнгээний газар ажиллуулахгүй байх зэрэг шийдвэр гаргаж, үндэсний хүчирхийлэлгүй өдөр болгон тэмдэглэдэг байна.
У.Сүрэн