Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг нэр дэвшүүлэхээр МАН-ын Бага хурлаас шийдсэн билээ. 10 гаруй горилогчийн дундаас Удирдах зөвлөлийн гишүүд нь түүнийг сонгож, нэрийг нь оруулсан юм. Тус намын бага хурлын үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн танхимаас нэрээ дэвшүүлж, өрсөлдсөн юм. Үргэлж л 100 хувийн саналаар ярсхийтэл гар өргөн шийдвэрээ гаргадаг МАН-д энэ бол шинэ үзэгдэл, ардчиллын салхи сэвэлзүүлсэн алхам байв. Нөгөө талаар “ах” нам дотроо хагаралдсаны илрэл боллоо. Юутай ч олонхын саналаар нэр дэвшигч тодорсон тул хуулийн дагуу дараагийн үйл явц өрнөв.
Мягмар гаргийн 20.00 цагт УИХ-ын нэгдсэн хуралдааныг зарласан. Лхагва гарагт Бурхан багшийн их дүйчэн өдөр таарч, бүх нийтээр амрах тул үүнээс өмнө амжуулахаар яарчээ. Харин ийнхүү тулгаж, яаруулсан нь шинэхэн сөрөг хүчинд таалагдсангүй. “Чуулган хуралдвал бүх нийтийн амралтын өдрөөр шийдвэр гаргаж таарах тул хууль зөрчсөн үйлдэл болно. Асуудлыг аажуу тайвуу, нухацтай хэлэлцэх хэрэгтэй” хэмээн тэд үзсэнээр өнөөдөр Ерөнхий сайдыг томилох, эсэхийг хэлэлцэхээр болж байна.
“УТСАН ХҮҮХЭЛДЭЙ”
Томилогдохоосоо өмнө хамгийн их шүүмжлэл дагуулсан нэр дэвшигчээр Г.Занданшатар тодорлоо. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тамгын газрын дарга, баруун гар буюу аясаар нь хөдлөх хүнээ Засгийн газрын тэргүүнд “түлхсэн”-ийг эсэргүүцэх, шүүмжлэх хүн олон байгаа юм. Тэрбээр парламентад дөрвөн удаа сонгогдсон, МАН-ыг үнэмлэхүй олонх байхад зургаан жил парламентын дарга хийсэн, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан нэгэн. Туршлага арвин, харьцангуй нэр цэвэр. Аядуу зөөлөн, төвийг сахисан гэх мэтээр үнэлдэг ч нөгөө талдаа хатуу чанд, бие даасан шийдвэр гаргаж чадна гэдэгт итгэхэд хэцүү. Ерөнхийлөгчийн “утсан хүүхэлдэй” учраас түүний тэргүүлэх Засгийн газар удахгүй гэдэг таамаглал ч гарах болов. Мөн “Би Л.Оюун-Эрдэнийн бодлогыг үргэлжлүүлнэ” гэж хэлсэн нь олон нийтэд таалагдсангүй. Татвар, хураамж нэмэхээс эхлээд иргэдээ туйлдуулсан, алдаатай бодлогуудыг нь үргэлжлүүлэх юм биш биз гэсэн болгоомжлол төрүүлсэн хэрэг. УИХ-аар түүнийг томилох, эсэх нь шийдэгдээгүй байхад нийгмийн сүлжээгээр магтуулах ажлаа хэдийн эхэлсэн учраас өмнөх Ерөнхий сайдынхаа хар пиарын технологийг үргэлжлүүлчих вий гэж хардаж буй юм. Бас УИХ-ын гишүүн биш, нэр дэвшсэн тойрогтоо ялж чадаагүй гэсэн шүүмжлэл дагаж байна. Харин гацаанаас гаргаж эхлүүлсэн хөгжлийн томоохон төслүүдээ үргэлжлүүлэх нь төрийн залгамж чанар, тогтвортой байдлын илрэл байх нь мэдээж.
Нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналаа Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлсэн учраас МАН-ын бүлэг, ХҮН намын зөвлөл хуралдаж, танилцуулгыг нь сонссон. МАН-ын бүлэг Бага хурлын шийдвэрээ дагана. ХҮН намынхан “Бидэнд урилга өгөх байх” гэсэн горьдлоготой учраас гар өргөнө. Харин АН-ынхан асуудалд илүү нухацтай хандахыг хүсжээ. Нэг намын төлөөллийн байгууллагын шийдвэрийг УИХ дахь бүлгүүдэд “тулгаж”, шөнөөр хуралдуулахаар албадлаа хэмээн тэд дургүйцэв. Тиймээс асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ хэмээн хойшлуулсан юм. Яарвал даарна. Ийм түрэмгий, тулгасан хандлага нь ч, нэр дэвшигчээр тодруулсан хүн нь ч АН-ын зарим гишүүнд таалагдсангүй. Тухайлбал, гишүүн Ч.Лодойсамбуу “Баруун гараа оруулж ирээд, хурдан томил гэсэн байдлаар хандахыг би бол хувьдаа хүлээн авч чадахгүй” гэв. Тиймээс МАН-ынхан ирцээ 100 хувь бүрдүүлж, нэгдсэн чуулганд оролцохгүй бол нэр дэвшигч нь дэмжлэг авахгүй байх эрсдэлтэй гэсэн үг.
Гүйцэтгэх засаглал Төрийн тэргүүний гарт орох уу
“ХОЁРДУГААР ЭЭЛЖИЙНХЭН”
Г.Занданшатар Засгийн газраа дангаараа байгуулна гэдгээ Бага хурлын үеэрээ мэдэгдсэн гэж буй. Нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхийг одоо хэлэх боломжгүй ч “хоёрдугаар ээлжийнхэн” хоолонд орохоор дугаарлаж, таамаглал хөвөрч байна. Өмнөх Засгийн газарт сайд байсан хүмүүсээс улираахгүй гэх яриа гарсан. Хэрэгжүүлбэл энэ маш зөв зарчим. Сайдын суудалд “хадагдчихсан” мэт байнга л албан тушаал, эрх мэдэлд очдог, гэтэл хийж байгаа бодит ажил харагддаггүй улс төрчдийн явах цаг болсон. “ДЦС-3” дэлбэрч, нэг хүн амиа алдаад байна. Улмаар ирэх өвөл улаанбаатарчуудад гал алдах аюул тулгараад буй юм. УИХ-аас байгуулсан ажлын хэсэг тус станцад ажиллаад, “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зардлыг хэмнэлт нэрийн дор танах нь ослын эрсдэлийг улам нэмэгдүүлж байна” гэж үзжээ. Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат “Эрчим хүчний яамтай холбоотой хариуцлага тооцох ёстой” гэсэн байна. Гэтэл Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн осол болсны дараа олигтойхон эмгэнэл ч илэрхийлээгүй, ямар ч хариуцлага хүлээхгүйгээр огцроод явах гэж буй. Түүнийг шүүмжлээд эхэлмэгц уг станцын засварын ажилд хувиасаа 100 тэрбум төгрөг хандивлана гэжээ. Салбарын сайдын хувьд бодлогоо зөв тодорхойлж, төсвөө хуваарилж, засвар, үйлчилгээг нь хийх ёстой байсан болохоос хувиасаа мөнгө хандивлаж, попрох хэрэг үгүй юм. Энэ мэтээр хийсэн тоймтой ажилгүй ч эрх мэдлээс зүүгдээстэй Зам, тээврийн сайд С.Дэлгэрсайхан, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт, Сангийн сайд Б.Жавхлан тэргүүтэн улирах магадлалтай хүний тоонд оржээ. Хэдийгээр Б.Чойжилсүрэн, Ч.Номин нар дараагийн Засгийн газарт ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн ч улс төрчдийн үгэнд итгэх хэцүү.
Шинээр жагсаалтад бичигдсэн горилогчдын дунд ёс зүйн зөрчил нь хөндөгдөж байсан гишүүн Ч.Ундрам багтжээ. Тэрбээр “Санал ирвэл бодож үзнэ” хэмээн даруухан хариулсан байна лээ. Хөшигний ард бол аль хэдийн тохироогоо хийчихсэн бололтой. Мөн экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр хүүдээ нэг сайдын суудал олж өгөхөө мэдэх байх. Горилогчдын жагсаалтад Э.Батшугар багтсан байна. Дуулдаж буй хүмүүс дотроос нэр цэвэр нь шинэ гишүүн Д.Бум-Очир л байна. Дарааллын хувьд бид эхлээд Ерөнхий сайдыг томилох ёстой. Г.Занданшатар парламентын босго давж чадвал танхимаа өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ улс төрийн олон яриа, тохиролцоо, эрх ашгаа хангах шаардлагатай тулгарна. Хамтарсан, эсвэл дангаар Засгийн газар байгуулахаас хамаараад сайд нарын нэр өөрчлөгдөх учиртай. Гэхдээ аль хэдийн суудлаа бат болгосон хэсэг хүнд энэ хамаарахгүй.
Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулсан дээрх үйл явц Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө МАН-д өндөр гэдгийг харуулав. Түүний эл томилгоо ОХУ-ын Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын албыг ээлжлэн хашдаг В.Путин, Д.Медведев нарын түүхийг сануулж буйг нийгмийн сүлжээнд хүмүүс бичиж буй. Харагдах дүр нь өөр ч мөн чанартаа нэг л хүн төрийн эрхийг барьж байна гэсэн үг. “Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихгүй, бүрэн эрхийн хугацаандаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулахгүй, парламентын засаглалыг л дэмжинэ” хэмээн мэдэгдсэн У.Хүрэлсүх ийнхүү өөрийн хүнээ Ерөнхий сайд болгох гэж байна. Улмаар Г.Занданшатарын дараагийн зам Ерөнхийлөгчийн суудал руу хөтөлж буй. 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд тэрбээр “эзэн”-ийхээ өмнөөс өрсөлдөнө. Тэр үедээ Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, нэг хүн улирч сонгогдох боломжийг нээх, эсэх нь цаг хугацааны л асуудал юм. Ийнхүү гүйцэтгэх засаглал Төрийн тэргүүний “гарт оров”.
МАН-ын Бага хурлын гишүүдийн саналаар баталгаажиж, У.Хүрэлсүхийн чиглүүлснээр гаргаж ирсэн нэр дэвшигч нь ямар ч байсан өмнөх хүнээсээ дээр гэдэгтэй маргахгүй. Эзэмшсэн боловсрол, төрийн ажлын туршлагаар тэрбээр Л.Оюун-Эрдэнээс илүү. Гэхдээ пиар нь хэтэрчих гээд байх талтай. УИХ-ын дарга байхдаа Г.Занданшатар ажлаа богино видеогоор танилцуулдгаараа “алдартай” болоод байв. Тэр нь өөрийгөө л сурталчилсан “гэмгүй” пиар байлаа. Одоо өмнөх Ерөнхий сайдаа дуурайгаад хар пиараар төгсөрч, ард иргэдээ хуваачихгүй байна гэж найдна. Уг нь төрийн ажил бол пиар биш. Монголчуудын хувьд Ерөнхий сайд хэний хүн байхаас илүү ямар бодлого хэрэгжүүлэх, сөхөрч буй амьдралыг нь өөд татах бодит бодлого хэрэгжүүлж чадах, үгүй нь л илүү сонин. Мөн нээлттэй, ил тод ажиллах ёстой. Энэ бүх шалгуур, хүлээлтэд хүрч ажиллаж чадах, үгүйг нь хамтдаа харцгаая.