“Эрчим хүчний шилжилт, технологи ба экологи” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг анх удаа Монгол Улсад зохион байгууллаа. ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгээс санаачлан, Эрчим хүчний яам болон Эрчим хүчний реформын хороо дэмжигч байгууллагаар оролцсон энэхүү хуралд ОХУ, БНХАУ, БНЭУ, Япон, АНУ зэрэг улсын 120 гаруй судлаач, мэргэжилтэн оролцож, эрчим хүчний салбарт тулгамдаж буй сорилт, боломжуудын талаар ярилцаж, санал бодлоо солилцжээ. Уг хурал өнөөдөр мөн үргэлжлэх бөгөөд эрчим хүчний бодлого, төлөвлөлт, сэргээгдэх эрчим хүч ба экологийн асуудал зэрэг сэдвээр 40 гаруй илтгэл хэлэлцүүлэх аж. Энэ үеэр Монгол Улс эрчим хүчний нөөцийн дутагдалд орсон, эл салбарт ажиллах хүчгүй болсон, Эрчим хүчний яам засаглалын хямралд өртсөн талаар мэдээлэл солилцсон байна. Мөн “ДЦС-3”-т энэ сарын 6-нд гал гарч, IX турбингенератор шатаж, нэг ажилтан амиа алдаж, өөр нэг хүн түлэгдсэн осол гарсан нь эрчим хүчний салбарт яаралтай шинэчлэл хийхгүй бол олон иргэний амь эрсдэх аюул нүүрлэснийг ч хурлын үеэр хөндсөн гэнэ. Дэлхий дахин цэвэр эрчим хүчний хэрэглээнд шилжиж буй энэ үед эрчим хүчний аюулгүй болон байгаль орчны тогтвортой байдал, эдийн засгийн өсөлт зэрэг харилцан уялдаатай асуудлыг шийдвэрлэхэд бүх талын хамтын ажиллагаа, инновац, мэдлэг солилцоог дэмжих нь тус хурлын зорилго аж.
Ч.Туяа