Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн гэх хэрэгт холбогдон яллагдагч, шүүгдэгчийн ширээнд суусан 20 хүн, хоёр хуулийн этгээдэд холбогдох хэргийг өнгөрсөн пүрэв гарагт Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүн хэлэлцэхээс татгалзлаа. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийн хувьцааг “Монголын зэс корпорац” ХХК-д, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн хөрөнгө оруулалтын болон концессын гэрээг байгуулахдаа “Кью Эс Си” ХХК-д давуу байдал үүсгэсэн, “Хөтөлийн цемент шохой” ТӨХК-ийг хэт үнэгүйдүүлэн хувьчилсан гэх хэрэгт 2 012,2016 оны Засгийн газрын Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр, Сангийн сайд Б.Болор, Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат, Төрийн өмчийн хорооны даргаар ажиллаж байгаад Үндсэн хуулийн цэцийн гишүүн болсон Д.Сугар, Ц.Нанзаддорж тэргүүтэй өндөр албан тушаалтнуудыг яллагдагчаар татсан. Тэднээс гадна Худалдаа, хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпорац”-ын гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, “Кью Эс Си” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Шижир, гүйцэтгэх захирал асан Д.Батжавхлан, тус компанийн нягтлан бодогч Д.Энхтунгалаг, ТӨХ-ны Бүтцийн өөрчлөлт, хувьчлалын газрын дарга байсан Д.Эрэвгийлхам, “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн удирдах албан тушаалтнууд болох С.Уранчимэг, Р.Мөнхтуул, менежер Б.Мөнхсоёл, “Бейзмент” ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Ч.Энхболд болон “Төмөр замын зураг төслийн институт”, “Кью Эс Си” ХХК-д холбогдуулан НПГ-аас яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн Зам, тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбаттай холбоотой хээл хахууль, албан тушаалаа урвуулсан үйлдэлд ЗТХЯ-ны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Доржханд, ахлах мэргэжилтэн Б.Минжбадам, “Ялгуусан” компанийн захирал Л.Санжаадорж нарыг яллагдагчаар татсан байдаг. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард энэ хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг хийгээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамж гаргасан юм. Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр нь үлдээсэн юм.