Хакерууд Парагвайн 7.4 сая иргэний хувийн мэдээллийг “Dark web”-ээр дамжуулан худалдаалж байгаа нь ил болжээ. Тэд тус улсын иргэдийн овог, нэр, төрсөн огноо, утасны дугаар зэрэг чухал мэдээллийг хууль бусаар цуглуулан авснаа өнгөрсөн сарын сүүлчээс олон улсын зах зээлд худалдаалж эхэлсэн аж. Тус улс нь 7.4 сая хүн амтай бөгөөд тэдний хувийн бүх мэдээлэл гэмт бүлэглэлийн гарт орсон гэж мэдэгджээ. Уг хэргийг үйлдсэн гэх “Бригада Сайбер ПМС” бүлэглэл Парагвайн Засгийн газраас 7.4 сая ам.доллар буюу нэг иргэний мэдээллийг нэг ам.доллароор үнэлэн нэхэмжилсэн гэнэ. Хакерууд өнгөрсөн сарын 28-нд “Dark web”-д эхний 940 мянган иргэний мэдээллийг байршуулж, худалдаалжээ. Парагвайн Засгийн газрын харьяа төрийн болон өгөгдлийн гурван сангаас иргэдийн мэдээллийг авснаа “Бригада Сайбер ПМС” хакерын бүлэглэл өнгөрсөн ням гарагт “Dark web”-д нийтэлсэн мэдээлэлдээ дурджээ. Мөн заасан хугацаанд, хэлсэн мөнгийг нь өгөхгүй бол бүх өгөгдлийг худалдана гэж сүрдүүлсэн байна. Тус улсын Засгийн газар “Гэмт хэргийн бүлэглэлтэй тохиролцохгүй, мөнгө өгөхгүй, энэ бол шударга ёсонд нийцэхгүй үйлдэл” хэмээн мэдэгдэв. Эл бүлэглэл аль улсад байдаг, цаана нь хэн байгаа талаар ямар нэгэн мэдээлэл одоо хүртэл ил болоогүй бөгөөд маш өндөр нууцлалтай гэдгийг мэргэжилтнүүд хэлжээ. Тус улсын хувьд энэ нь анхны тохиолдол биш, өмнө нь хэд хэдэн удаа иргэдийнхээ мэдээллийг алдаж байжээ.
Ц.Аюуш