Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулийг энэ сарын 22 буюу ням гарагт 07.00-20.00 цагт явуулах юм. Энэ жил Баянхонгор, Дархан-Уул аймгийн ИТХ-ын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын ИТХ-ын 61 мандатад нөхөн сонгууль болно. Иймд Сонгуулийн ерөнхий хорооноос Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ыг 2025 оны нөхөн сонгуулийн саналын хуудас, санал тоолох төхөөрөмж, түүний иж бүрдлийг 18 аймгийн сонгуулийн хороонд өчигдөр хүлээлгэн өгч дуусжээ. Нөхөн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийн дагуу зургаадугаар сарын 19-ний өдрөөс өмнө саналын хуудсыг санал авах байранд хүргүүлэх ёстой. Үүний дараа нөхөн сонгуульд ашиглах сонгуулийн автоматжуулсан хэрэгслийн иж бүрдлийг нам эвсэл, ажиглагч, олон нийтэд нээлттэйгээр шалгаж турших аж.
Ч.Болор