Х.Тэмүүжин, Ч.Лодойсамбуу, О.Цогтгэрэл, Б.Жаргалан зэрэг УИХ дахь АН-ын бүлгийн болон бүлэггүй цөөнхийн гишүүд Ерөнхий сайдын суудлыг парламентын чуулганы танхимын хоймроос буулгах хуулийн төслийг хамтран боловсруулж, УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд өргөн барьж, бусад бүх гишүүнд хүргүүлжээ. Хуулийн төслийг санаачлагч УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Энэ хууль нь зөвхөн сандал суудлын тухай бус, эрх мэдэл хуваарилалтын хил заагийг тогтоох, парламентын ардчиллын амин сүнс болсон олонх, цөөнхийн байр суурь, мэтгэлцээнийг зөв зохион байгуулалтад оруулах, УИХ-ын хяналтыг оновчтой болгох, том зургаараа Үндсэн хуулийн дэг журмыг хамгаалах зорилготой. Ерөнхий сайдын суудлыг УИХ-ын толгой дээрээс буулгаж, парламентыг мэтгэлцээний талбар болгоно” гэсэн юм.