Монголын И-спортын манлайлагч “The MongolZ” баг “BLAST.tv Austin Major 2025” дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтоо Герман улсын “G2” багтай уржигдар хийлээ. Ширүүн өрсөлдөөний эцэст “The Mongolz” баг өрсөлдөгчөө 2:0 харьцаатай буулган авч, шөвгийн наймд шалгарав. Тус тоглолтод хоёр баг сүүлийн “Dust2”байршил (map) дээр таван удаа нэмэлт цаг гарган, 53 үеийн турш өрсөлдсөний эцэст манай улсын тамирчид өрсөлдөгчөө 28:25 харьцаагаар ялжээ. Тоглолтын үеэр М.Азбаяр (Senzu) дэлхийн аваргын нэг тоглолтод 56 удаа дайснаа хөнөөж (kill), CS2/CS:GO Major тэмцээнүүдийн түүхэн дээд амжилт тогтоов. Өмнө нь Counter Strike 2 (CS2) тоглогч Niko нэг тэмцээнд эсрэг багийн тоглогчоо 52 удаа устгасан нь дээд амжилт болж байжээ. Сонирхуулахад, 1.2 сая ам.долларын шагналтай тус тэмцээнд 32 баг тойргийн журмаар тоглосноор шилдэг найман баг шалгараад байна. Плэйофф энэ пүрэв гарагт эхлэх бөгөөд “The MongolZ”-ийнхон АНУ-ын “Faze clan” багтай учраа таарсан. Багууд өмнө нь хэсгийн шатанд тоглоход “Faze clan” 2:0 харьцаатайгаар хожсон юм.
Ц.Аюуш