Манай улсын Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо Олон улсын адал явдалт аялал жуулчлалын холбоо (ATTA)-нд гишүүнээр элсжээ. Ингэснээр энэ чиглэлээр тусгай сонирхлын аялал зохион байгуулдаг байгууллага болон мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг туршлагуудаас нэвтрүүлэх боломж бүрдэв. АТТА нь тогтвортой, хариуцлагатай аялал жуулчлалаар дэлхийд тэргүүлэгч байгууллагад тооцогддог бөгөөд адал явдал эрэлхийлэгч 3000 гаруй мэргэжилтэн тус сүлжээг төлөөлдөг гэнэ. Эл холбоо дэлхийн өнцөг булан бүрд ажилладаг чадварлаг мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, туршлагад үндэслэн “AdventureEDU” хөтөлбөрийг олон улсад тууштай хэрэгжүүлсээр иржээ. Тэгвэл талууд тус хөтөлбөрийн эхний шатны сургалтыг Монгол Улсад ирэх намар хамтран зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Адал явдалт аялал зохион байгуулдаг, энэ чиглэлээр цаашид үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж буй бизнес эрхлэгчид, тамирчид, хөтөч нар үүнд хамрагдах боломжтой. Олон улсын адал явдалт аялал жуулчлалын холбооны Ази, Номхон далайн бүсийн захирал Ханна Пирсон “Монгол Улсад адал явдалт аялал жуулчлалын нөөц хангалттай бий, түүнийгээ ашиглах нь л чухал. Боломжоо бүрэн дүүрэн ашиглах хамгийн чухал алхам бол чадавхжуулалт” гэжээ.