“Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан-2025”-ын үр дүнг Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс өчигдөр танилцууллаа. Тус тайлан нь улс орнуудын өрсөлдөх чадварыг эдийн засгийн тамир тэнхээ, засаглалын үр ашиг, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, дэд бүтэц гэх үндсэн дөрвөн шалгуур үзүүлэлтээр харьцуулан хэмждэг. Энэ удаагийн дүнгээр Швейцар улс тэргүүлж, Сингапур, Хонгконг, Дани, АНЭУ, Тайвань, Ирланд удаалжээ. Харин манай улс Турк, Нигер, Намибиа, Венесуэлийн урд жагсав. Нийт 100 онооноос 40.91 авч, өнгөрсөн жилийнхээс дөрвөн байр ухарсан байна. Тус тайланд холбогдох Монгол Улсын сүүлийн 10 жилийн үзүүлэлтийг харвал 2018 оноос хойш тогтмол буурчээ. Өнгөрсөн жил олон улсад засаглалын хямрал, худалдааны дайн, бүс нутаг хоорондын үймээн, зөрчилдөөн, бизнесийн байгууллагын ашигт ажиллагаа, ажиллах хүчний бүтээмж, төр, хувийн хэвшлийн түншлэл буур¬сан нь үзүүлэлтэд голлон нөлөөлсөн аж. Харин Монгол Улсын эдийн засаг, удирдах албан тушаалтай эмэгтэйчүүдийн тоо өсөж, санхүүгийн үйлчилгээний хүртээмж, харилцаа холбооны салбарт хийсэн хөрөнгө оруулалт нэмэгдсэнийг тайланд дурдсан байна. Уул уурхай болон түүхий эдийн үнийн хэлбэлзэлд хэт өртөмхий болж, инфляцын дарамт, татварын ачаалал, хөдөлмөрийн зах зээл дэх чадварлаг мэргэжилтний хомсдол нь манай улсад цаашид томоохон сорилт болох төлөвтэйг анхаарууллаа. 1989 оноос хойш жил тутам үр дүнгээ танилцуулж буй “Дэлхийн өрсөлдөх чадварын тайлан”-г улс орнууд засаглалын үйл ажиллагаагаа дүгнэж, бодлогоо шинэчлэн боловсруулахад түгээмэл ашиглаж буй.
Д.Хүслэн