Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч М.Доржбаяр амарч явахдаа голын усанд живж байсан есөн настай охин, 11 настай хүүг аварчээ. Тодруулбал, тэрбээр энэ сарын 15ны 20.00 цаг орчимд Хожуул голд хоёр хүүхэд хөл алдан живж байхад нь аварч, ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна. Хүүхдүүдийг нь аварч, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэнд гэр бүлийнхнээс нь талархал ирүүлж, харьяа салбарт нь хүсэлт гаргасан байна. Үүнд “Миний бие Б.Отгонцоож нь хоёр хүүхдийнхээ хамт агаарлаж байхад уг үйл явдал болсон. Дүү нь хөл алдаж живэхдээ “Ах аа, намайг авраарай” гэж орилоход ах нь гол руу орж хамт живж байсныг ахлах ахлагч М.Доржбаяр анзаарч, яаралтай тусламж үзүүлэн хоёр хүүхдийг минь аварсанд манай гэр бүлийн зүгээс маш их талархаж байна. Үүнийг дээд шатны байгууллагад уламжилж, ач гавьяаг нь үнэлүүлж өгнө үү” гэжээ.
Д.Хэрлэн