Финландын Порнайнен суурин дулаанаа сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангаж эхэллээ. Тодруулбал, гарааны бизнесийн “Polar night energy” компани уг сууринд нар, салхины сэргээгдэх эр¬ чим хүчийг халуун энерги болгон, элсэнд удаан хугацаагаар хадгалах боломжтой, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, 100МВт-ын хүчин чадалтай элсний батарейг суурилуулжээ. Ингэснээр тус суурин хүлэмжийн хий ялгаруулалтаа 70 хувь бууруулах гэнэ. Энэ нь 5000 хүн амтай уг газрын айл өрх, аж ахуйн нэгжүүдийг дулаанаар бүрэн хангах бөгөөд хийн болон тосон халаалтыг 100 хувь орлох аж. Компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал Лиса Наскали “Энэ төсөл уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг үр дүнтэй шийдэл болж чадна. Шатаалт бол уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах байгаль орчинд ээлтэй шийдэл биш” хэмээн онцолжээ. Тус компани төхөөрөмжөө олон улсын зах зээлд борлуулах талаар судалж байгаа хэмээв. Мөн энэ нь байшин хорооллыг халаах шинэ үеийн шийдэл болж чадна гэж тэд үзэж байна. Олон улсын эрчим хүчний агентлаг (IEA)-ийн мэдээлснээр халаалтын систем нь дэлхийн нийт эрчим хүчний хэрэглээний 50 хувийг эзэлдэг бөгөөд Европын ихэнх улс орон энэ хэрэгцээг байгалийн хий, газрын тос, модны үртэс, хог хаягдал шатаах замаар хангадаг аж. Тиймээс тус элсний батарей нь сэргээгдэх эрчим хү¬ чийг хуримтлуулж, түүнийг үр ашигтайгаар ашиглах хямд, үр дүнтэй сонголт болж чадна гэж үзэж буй.
Д.Тамир