БНХАУ 2017 онд гаргасан жуулчдыг хязгаарлах бодлогоо сулруулж эхэлсэнтэй холбоотойгоор манай улсыг зорих солонгос аялагчид эрс буурч магадгүй гэж судлаачид үзэж байна. Өмнөд Солонгос 2016 онд АНУын пуужин эсэргүүцэх систем (ТНААD)-ийг угсарснаас үүдэн Хятад улс дараа жилээс нь К-поп урсгалын уран бүтээл, үйл ажиллагааг хязгаарлан, жуулчдын бүлэг аяллыг хориглож, соёл, эдийн засгийн чиглэлийн олон төсөл, хөтөлбөрийг зогсоосон юм. Харин өмнөд хөрш энэ оны хоёрдугаар сараас солонгос жуулчдыг хязгаарлах бодлогоо сулруулж буйгаа зарлаж, нислэг, визтэй холбоотой хязгаарлалтуудаа цуцалснаа мэдэгдсэн. Үүний нөлөөгөөр Хятадыг зорих солонгосчуудын урсгал эрс нэмэгдэх бөгөөд энэ нь манай улсын аялал жуулчлалын зах зээлд нөлөөлнө, хуваагдал үүсгэнэ гэж тооцож байна. Түүнчлэн Вьетнам, Тайланд зэрэг улс солонгос жуулчдыг татахад ихээхэн хүчин чармайлт гаргаж буй нь ч үүнд нөлөөлөх нэг шалтгаан болох аж. Манай улс цар тахлаас хойш солонгос жуулчдыг татах бодлого баримталж, энэ чиглэлээр олон ажил хийсэн. Үр дүнд нь Монголыг зорих солонгосчуудын урсгал эрс нэмэгдсэн. 2019-2024 онд хүлээж авсан нийт жуулчдын 24 хувь нь солонгосчууд байв. 2025 он гарснаас хойш манайд ирсэн аялагчдын 15 хувь буюу 43 мянга гаруйг нь тус орны иргэд эзэлж байна. Тэгвэл өмнөд хөршийн аялал жуулчлалын бодлогоос шалтгаалан энэ үзүүлэлт удаан хугацаанд хадгалагдах баталгаагүйг судлаачид анхааруулав.
Н.Мишээл